Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм /БСШУ-ны сайдын 2010.11.04-ний өдрийн 492 дугаар тушаал/

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2010 оны 11 сарын 04 өдрийн 492 дугаар тушаалын хавсралт

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1.  Монгол Улсын докторын зэргийн сургалтын Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэнэ)-ийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

Хоёр. Зөвлөл байгуулах, зөвлөлийн бүрэлдэхүүн

  1. Зөвлөлийг докторын сургалт эрхлэх тухайн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлээр сургалт,  эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй их сургууль (цаашид “түшиглэсэн сургууль” гэнэ)-ийг түшиглэн байгуулна.
  2. Зөвлөлийн түшиглэсэн сургуулийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Зөвлөл нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дундын шинжтэй байх бөгөөд докторын сургалтын тодорхой чиглэлээр эсвэл хэд хэдэн чиглэлийг нэгтгэсэн улсын хэмжээнд нэг Зөвлөл байна.
  3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 6-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
  4. Зөвлөлийг тухайн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэгтэй, тэргүүлэх эрдэмтдээс бүрдүүлнэ. Нэг байгууллагын төлөөлөл Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс илүүгүй байна.
  5. Зөвлөлийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гурван жилийн хугацаагаар байгуулна.
  6. Зөвлөл нь горилогчийн суралцаж буй чиглэл, хамгаалах докторын ажил /диссертац/-ын сэдвийн онцлогийг харгалзан тухайн докторын ажлыг шүүн хэлэлцэж, санал өгөх гишүүний эрхтэй 6 хүртэл эрдэмтдийг томилж, докторын ажлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэнэ.
  7. Түшиглэсэн сургуулийн докторын сургалт эрхэлсэн нэгж нь холбогдох сургууль, мэргэжлийн тэнхим, хуулийн этгээдтэй хамтран тухайн салбарын сургалтын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг докторын зэрэгтэй багш, эрдэмтдийн талаарх мэдээллийн сан байгуулж, баяжуулах ажлыг хариуцна. Мэдээллийн санг зөвхөн Зөвлөлийн гишүүн томилох, шинэчлэх, зөвлөлийг өргөтгөхөд ашиглана.
  8. Зөвлөлийн дарга Зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг ханган гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавина. Зөвлөлийн эрх мэдлийн асуудлаар Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана.
  9. Зөвлөл албан бичгийн хэвлэмэл хуудастай байх бөгөөд түшиглэсэн сургуулийн докторын сургалт эрхэлсэн нэгжийн тэмдэгийг хэрэглэнэ.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа

  1. Зөвлөл нь горилогчийн бичсэн докторын ажлыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй.
  2. Зөвлөл үйл ажиллагаандаа ил тод байдлыг хангаж ажиллана. Зөвлөл докторын ажлын сэдэв, горилогчийн тухай зарыг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж, түшиглэсэн сургууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб хуудсанд байршуулна. Зарыг холбогдох сургуульд албан ёсоор мэдэгдэнэ.
  3. Зөвлөл горилогч докторын ажлаа хамгаалахад шаардлагатай мэдээлэл, хамгаалалтай холбоотой асуудлаар зөвлөгөө авах боломжоор хангана.
  4. Горилогчийн хүсэлт, Зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнх олонхийн зөвшөөрснөөр докторын ажлыг англи хэл дээр бичүүлж, хамгаалалтыг гадаад хэл дээр явуулж болно.
  5. Зөвлөл докторын ажлыг бүрэн гүйцэд, бодитой шүүн хэлэлцэхэд шаардлагатай материалыг холбогдох байгуулагаас лавлах, гаргуулан авах эрхтэй.
  6. Зөвлөл горилогчийн докторын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсноос хойш 5 хоногийн дотор горилогчийн суралцаж буй сургуульд албан ёсоор мэдэгдэнэ.
  7. Зөвлөл нь хуралдаантай холбоотой бичиг баримт, холбогдох материалыг түшиглэсэн сургуулийн докторын сургалт эрхэлсэн нэгжид тухай бүр хүлээлгэн өгнө. Энэхүү бичиг баримт, материалыг түшиглэсэн сургууль зохих журмын дагуу архивт хадгална.
  8. Зөвлөл энэхүү дүрмийн 4.2-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтөлнө.

Дөрөв. Зөвлөлөөр докторын ажлыг шүүн хэлэлцэх

4.1. Докторын ажлын хамгаалалтыг Зөвлөлийн хуралдаанаар зохион байгуулна.

4.2. Горилогч доорх материалыг Зөвлөлд ирүүлнэ.

4.3. Зөвлөлийн дарга материалыг хүлээн авч доорх арга хэмжээ авна:

  1. Зөвлөлийн орлогч дарга, эсхүл нарийн бичгийн даргаар 4.2-д дурдсан материалын бүрдэл
  2. Энэхүү журмын 2.6-д заасан өргөтгөсөн бүрэлдэхүүнийг материал хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлүүлнэ.

4.4. Зөвлөл доорх үндэслэлээр материалыг буцааж болно.

  1. докторын ажлын сэдэв Зөвлөлийн хариуцах чиглэлд хамаарахгүй;
  2. энэхүү дүрмийн 4.2-т заасан материалын бүрдэл дутуу буюу шаардлага хангаагүй.

4.5.  Докторын ажил хамгаалуулах хуралдааныг өргөдөл хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчтой тохиролцон хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож, хуралдаан болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө түшиглэсэн сургууль, горилогчийн суралцаж буй сургуульд мэдэгдэнэ. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн докторын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргүүлэх арга хэмжээ авна.

4.6.  Горилогчийн докторын ажил Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийлэг журам”-ын 16.7 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байх ёстой. 


Тав. Зөвлөлийн хуралдаан
 

5.1. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.

5.2. Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.

5.3.  Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд Зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр батална.

5.4.  Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүй тохиолдолд Зөвлөлийн хуралдаан хийхгүй.

5.5.  Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана. Горилогчийн докторын ажил зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд уг докторын ажлыг хамгаалсанд тооцно.

5.6.  Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр санал өгөх, хуралдаанд ирсэн боловч урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.

5.7.  Хуралдаанаас протокол, тогтоол гарна.

Зургаа. Зөвлөлийн хуралдааны зохион байгуулалт

6.1. Зөвлөлийн хуралдааныг дор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд:

  1. хуралдааныг Зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулах;
  2. горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах;
  3. горилогч докторын ажлынхаа үндсэн үр дүнг товч илтгэх;
  4. зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авах, мэтгэлцэх;
  5. зөвлөлийн гишүүд докторын ажлын талаар дүгнэлтээ хэлэх;
  6. тооллогын комиссыг сонгон батлах;
  7. гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах;
  8. тооллогын комисс нууц санал хураалтын дүнг танилцуулах;
  9. тооллогын комиссын саналыг үндэслэн горилогчийн докторын ажлын талаарх дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах;
  10. зөвлөлийн дарга хуралдааныг хааж үг хэлэх. 

6.2. Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудасны загвар энэхүү дүрмийн хавсралт хэлбэртэй байна.

6.3.  Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хуралдаан болсон он, сар, өдөр, газар, байр, хурал эхэлсэн, дууссан цаг, минут, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний нэр, ирээгүй хүмүүсийн шалтгаан, ирцийн хувь, шүүн хэлэлцсэн диссертацын сэдэв, хуралдааны асуулт, хариулт, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй, тодорхой тусгана. Тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж, тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

“Докторын зэрэг хамгаалуулах дүрэм”-ийн хавсралт

 

.......................................................................................................................................................

(түшиглэсэн сургууль, хамгаалуулах зөвлөлийн нэр)

 

Огноо ..................................

 

САНАЛЫН ХУУДАС

 

Горилогчийн овог нэр

 

Докторын ажилд өгөх саналын хувилбар

 

 

  1. Шаардлага хангасан

 

  1. Шаардлага хангаагүй

 

Тайлбар:

- Өгөх саналын урдахь дугаарыг дугуйлж тэмдэглэнэ.

- Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоёуланг нь дугуйлж   тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.