ШУТИС-ийн Технологийн сангийн журам /2012/


ШУТИС-ийн Ректорын 2012 оны 04-р сарын 19-ний өдрийн

А-69 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ШУТИС-ийн Технологийн сангийн журам

Нэг. Ерөнхий зүйл

  1. ШУТИС-ийн Технологийн сан нь тус Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин шинэ мэдлэгийг буй болгох, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл хэрэгжүүлэх, суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх үндсэн үүрэгтэй.
  2. Энэхүү журмын зорилго нь Технологийн сангийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, тус сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, зарцуулсан хөрөнгийн ашиглалтанд хяналт тавих, нэгтгэн тайлагнах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

  1. Технологийн сангийн үйл ажиллагааг их сургуулийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор удирдан зохион байгуулна.
  2. Технологийн сангийн үйл ажиллагаатай холбоотой ажил, үүргийг Эрдэм шинжилгээ, технологийн газрын ажилтнуудын ажил үүргийн хуваарьт тусгаж хэрэгжүүлнэ.
  3. Технологийн сангаас санхүүжүүлэх тухайн жилийн төслийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга, мэргэжлийн өндөр түвшинд явуулах зорилгоор Сонгон шалгаруулалтын комисс байгуулан ажиллуулна.
  4. Сонгон шалгаруулалтын комиссыг их сургуулийн Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөл болон профессор багш нарын төлөөлөл оролцуулан Ректорын тушаалаар байгуулна.
  5. Эрдэм шинжилгээ, технологийн проректор нь Технологийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, төслийн сонгон шалгаруулалт, хөрөнгийн зарцуулалт, сангийн орлого, зарлагын тайланг гаргах үүрэгтэй.

Гурав. Технологийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх

Технологийн сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

  1. Их сургуулийн бүтцийн нэгжүүд (бүрэлдэхүүн сургууль, профессорын баг, хүрээлэн, төв) болон профессор багш нарын гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний төсөл, аж ахуйн гэрээт ажлын санхүүжилт болон шимтгэлийн орлого
  2. Технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг борлуулсны орлого, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласнаас олсон үр ашгаас Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр бүрдүүлэн авах орлого
  3. Гарааны компаниас төвлөрүүлэх орлого
  4. Лиценцийн гэрээний орлого
  5. Хамтын ажиллагаатай байгууллагын хандив, тусламж
  6. Хуулиар хориглоогүй орлогын бусад эх үүсвэр

Дөрөв. Сангийн хөрөнгийн зориулалт

Технологийн сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна. Үүнд:

  1. Их сургуулийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг санхүүжүүлэх,  грант олгох
  2. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх
  3. Профессор багш нар, эрдэмтдийн бүтээл, эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээлэл болон хурлын эмхэтгэлийг хэвлэн нийтлэх
  4. Шинжлэх ухаан, технологийн ололтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн, тэмцээн, уралдаан зохион байгуулах
  5. Сургалт, судалгааны лаборатори байгуулах, тоног төхөөрөмж авахад дэмжлэг үзүүлэх
  6. Их сургуулийн олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын гишүүнчлэлийн жилийн татвар, хураамжийг төлөх
  7. Их сургуулийн удирдлагаар батлагдсан болон зөвшөөрөгдсөн бусад зардлуудыг санхүүжүүлэх

Тав. Төсөл хэрэгжүүлэх ба санхүүжүүлэх

  1. Төслийн сонгон шалгаруулалтыг Эрдэм шинжилгээ, технологийн газар зарлаж, төслийн саналыг хүлээж авна.
  2. Төслийн сонгон шалгаруулалтыг Сонгон шалгаруулалтын комисс эрхлэн явуулах ба шалгарсан төслүүдийг Технологийн сангаас санхүүжүүлэх шийдвэрийг Ректорын тушаалаар баталгаажуулна.
  3. Шалгарсан төслийн удирдагчтай төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулах ажлыг Эрдэм шинжилгээ, технологийн газар хариуцан гүйцэтгэнэ.
  4. Төслийн хэлбэр, шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулах боломж зэргийг харгалзан үзэж дор дурдсан хэлбэрээр санхүүжүүлнэ:

5.4.1.  буцалтгүй хэлбэрээр санхүүжүүлэх (грант)

5.4.2.  эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх

5.4.3.  төслийн зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх

  1. Төслийн явцын ба эцсийн үр дүнг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн хурлаар хагас жил тутамд хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргана.
  2. Төслийн эцсийн тайланг Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэж, амжилттай хэрэгжсэнд тооцсон тохиолдолд Эрдэм шинжилгээ, технологийн газар төслийн тайланг хүлээж авна.

Зургаа.  Технологийн сангийн санхүүгийн бүртгэл, тайлан

  1. Технологийн сангийн санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг их сургуулийн захиргааны  ахлах нягтлан бодогч хавсран хариуцаж гүйцэтгэнэ.
  2. Технологийн сангийн тухайн оны санхүүгийн тайланг зохих хууль, дүрмийн дагуу гаргаж, их сургуулийн Захиргааны зөвлөлийн хуралд жил бүр тайлагнаж байна.

Долоо. Бусад зүйл

  1. ШУТИС-ийн бүтцийн нэгжүүд дотроо харилцан гэрээ байгуулж төсөл, гэрээт ажил хэрэгжүүлсэн тохиолдолд Технологийн санд шимтгэл авахгүй.
  2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, зориулалтын бусаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
  3. Технологийн сангийн санхүүжилттэй төслийг гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандсан, төслийг хэрэгжүүлээгүй, төслийн үр дүнг гаргаж, тайлагнаагүй, төслийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, гэрээний үүргээ зөрчсөн нь Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн хурлын дүгнэлтээр болон бусад хяналт, шалгалтаар тогтоогдсон төсөл хэрэгжүүлэгч их сургуулийн бүтцийн нэгж болон профессор багш нарт их сургуулийн зохих дүрэм, журмын дагуу хариуцлага тооцно. Мөн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн захиралд хариуцлага тооцож, санхүүжүүлсэн хөрөнгийг тодорхой хувийн хүүтэйгээр буцаан суутгаж төлүүлнэ.
  4. Технологийн сангийн санхүүжилтээр гүйцэтгэгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны төслийн үр дүнд буй болсон шинэ мэдлэг, бүтээл, технологи, бүтээгдэхүүнийг ШУТИС-ийн оюуны өмчид бүртгэж баталгаажуулах ажлыг Инноваци, технологи дамжуулалтын алба эрхлэн хариуцна.