ШУТИС-д Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх журам /2012 он/

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 04-р сарын 19-ний өдрийн

А-69 тоот тушаалын хоёрдугаар хавсралт 

ШУТИС-д Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх журам

Нэг. Ерөнхий зүйл

  1. Энэ журмын зорилго нь ШУТИС болон түүний бүтцийн нэгжүүдэд (бүрэлдэхүүн сургууль, профессорын баг, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв) эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, аж ахуйн гэрээт ажил гүйцэтгэх /цаашид ерөнхийд нь “төсөл” гэх/ үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоож, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Төсөл нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлыг холбогдох захиалга, гэрээний үндсэн дээр онол, арга зүйн өндөр түвшинд гүйцэтгэж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг тусгасан баримт бичиг болно.
  3. Төсөл нь санхүүжүүлэгч байгууллагаас хамааран дараах хэлбэрүүдэд хуваагдана.  Үүнд:

1.3.1.Улсын төсвийн санхүүжилттэй төсөл (Шинжлэх ухаан, технологийн төсөл, Суурь судалгааны сэдэвт ажил, Гадаадтай хамтарсан төсөл, Инновацийн судалгааны төсөл, Зэхэц ажил)

1.3.2.Аж ахуйн гэрээт ажил (Бизнесийн байгууллагын санхүүжилттэй төсөл)

1.3.3.ШУТИС-ийн Технологийн сангийн санхүүжилттэй төсөл

1.3.4.Олон улсын хамтарсан төсөл

1.3.5.Судалгааны бусад ажил (мэргэжлийн зөвлөгөө өгөх, экспертиз хийх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, гадаад, дотоодын төслийн урьдчилсан судалгаа хийх, судалгааны зорилгоор эрдэм шинжилгээний хурал, семинар, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах  гэх мэт).

  1. Төслийн захиалга, бүртгэл, мэдээлэл, хэрэгжилт, үр дүн, тайлантай холбоотой харилцааг их сургуулийн хэмжээнд Инновац, технологи дамжуулалтын алба, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн дээр эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар энэхүү журам болон холбогдох санхүүжүүлэгч байгууллагаас гаргасан журмын дагуу зохицуулах үүргийг хүлээнэ.   

Хоёр. Төслийн гэрээ байгуулах,  баталгаажуулах

  1. Улсын төсвийн санхүүжилттэй төслийн гэрээг төрийн захиргааны байгууллагаас  баталсан холбогдох дүрэм, журмын хүрээнд байгуулах бөгөөд гэрээнд төслийн захиалагч, гүйцэтгэгч нэгж, төслийн удирдагч, их сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн проректор нар гарын үсэг зурж баталгаажуулна.
  2. Бизнесийн байгууллагын санхүүжилттэй төслийн удирдагч нь төслийн захиалагч, санхүүжүүлэгчтэй төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллана.
  3. ШУТИС-ийн нэрийн өмнөөс байгуулах төслийн гэрээнд их сургуулийн ректор болон эрдэм шинжилгээ, технологийн проректор гарын үсэг зурна.
  4. Бүрэлдэхүүн сургуулиас гүйцэтгэх төслийн гэрээнд тухайн төслийг хэрэгжүүлж байгаа профессор багш болон холбогдох профессорын багийн ахлагч, төвийн захирал гарын үсэг зурж, бүрэлдэхүүн сургуулийн захирал гарын үсэг зурж баталгаажуулна. Профессорын багийн ахлагч, төвийн захирал дангаараа гарын үсэг зурж төслийн гэрээ байгуулахыг хориглоно.

2.5.   ШУТИС-ийн хүрээлэн дээр хэрэгжүүлэх төслийн гэрээнд төслийн захиалагч, төслийн удирдагч болон тухайн хүрээлэнгийн захирал нар гарын үсэг зурж баталгаажуулна.

Гурав. Төслийг мэдээллийн баазад бүртгэх

  1. Шинээр эхэлж буй төслийн мэдээллийг төслийн удирдагч бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлын зөвлөлд албан ёсоор танилцуулах ба эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга уг төслийн гэрээний 1 хувийг хүлээн авч, төслийг төслийн картын дагуу бүртгэн UNIMIS дэх төслийн мэдээллийн баазад оруулна.
  2. Төслийн удирдагч болон гүйцэтгэгч нар нь аттестатчлалд орох, эрдмийн цол хүртэх болзол хангах, рейтинг тогтоох болон бусад уралдаан, шалгаруулалтанд дүгнүүлэх, тухайн оны эрдэм шинжилгээний болон санхүүгийн тайлан, хичээлийн жилийн тайланд төслөө тайлагнахдаа тухайн төслийн мэдээллийг UNIMIS дэх мэдээллийн баазад заавал байршуулан бүртгүүлсэн, энэ журмын 4.4.-т заасны дагуу шимтгэл төлсөн байх ёстой ба энэ тохиолдолд төсөл гүйцэтгэсэн гэж тооцогдоно.

Дөрөв. Төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх

  1. Төслийн удирдагч нь тухайн төсөл дээр ажиллах гүйцэтгэгчдийг тодорхойлон, төслийн ажлын даалгавар, түүнийг хийж гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь, төслийн санхүүжилтийн төсвийн зардлын хуваарилалт зэргийг төсөл хэрэгжүүлэгч нэгжийн (их сургууль, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн) захирлын тушаалаар батлуулан мөрдөнө.
  2. Төслийг UNIMIS дэх төслийн мэдээллийн баазад энэ журмын 3.2-т заасны дагуу бүрэн бүртгэсэн тухай тодорхойлолтыг тухайн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал болон эрдэмтэн нарийн бичгийн дарга гаргасан тохиолдолд төслийн санхүүжилт олгогдож эхэлнэ.
  3. ШУТИС-ийн болон түүний бүтцийн нэгжийн нэрийн өмнөөс төсөл хэрэгжүүлэхэд их сургуулийн болон тухайн нэгжийн ажлын өрөө, сургалтын анги танхим, судалгааны лабораторын багаж, тоног төхөөрөмж, компьютер болон бусад техник хэрэгслийг ашиглаж болно.
  4. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн дээр төсөл гүйцэтгэхэд тус их сургуулийн нэр хүнд, хүний нөөц, оюуны өмч, биет бус хөрөнгө, ажлын байр, лабораторийн материаллаг бааз болон урьд хуримтлагдсан мэдээллийн баазыг ашигласан зардлын хэмжээ /цаашид “шимтгэл” гэх/ төслийн төсөвт өртгийн 10 хувь байхаар тооцож гэрээг байгуулна. Энэхүү шимтгэлийг бүх хэлбэрийн төслүүдээс авах ба нийт санхүүжилтийн 5 хувийг ШУТИС-ийн Технологийн санд, 5 хувийг тухайн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн дансанд төвлөрүүлнэ.
  5. ШУТИС-ийн Технологийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг тус сангийн журмын дагуу зарцуулна. 
  6. Бүрэлдэхүүн сургууль болон хүрээлэнгийн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу дараах зориулалтаар ашиглаж болно. Үүнд:
    1. 4.6.1    Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх төслийг санхүүжүүлэх
    2. 4.6.2    Туршилт судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологи дамжуулалтын үйл ажиллагааг дэмжих
    3. 4.6.3    Шинэ бүтээлд оюуны өмчийн хамгаалалт хийлгэхэд дэмжлэг үзүүлэх
    4. 4.6.4    Шинжлэх ухаан, технологийн ололтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, профессор багш нар, эрдэмтдийн бүтээл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн, тэмцээн зохион байгуулах
    5. 4.6.5    Сургалт, судалгааны лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх
    6. Шимтгэлийн хуримтлалыг зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулахыг хориглоно.
    7. Төслийн санхүүжилтийг зөвхөн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн  газар, бүрэлдэхүүн сургууль болон хүрээлэнгийн дансаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд бусад данс ашиглахыг хориглоно.
    8. Улсын төсвөөс санхүүжих төслийн санхүүжилтийг Эрдэм шинжилгээ, технологийн газрын дансанд хүлээн авах бөгөөд улмаар төслийн хэрэгжилт, явцын үйл ажиллагаа, үр дүнтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэгч бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн дансанд шилжүүлэх ба төсөл хэрэгжүүлэгч нэгж төслийн санхүүгийн бүртгэл, тайланг зохих журмын дагуу гаргах үүргийг хүлээнэ.

Тав. Төслийн гүйцэтгэлийн хяналт, үр дүнг хүлээлгэж өгөх

  1. Төслийн явцын тайлан, үр дүнг хагас жил тутам хэлэлцүүлэх ба үр дүнгийн хэлэлцүүлгийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн болон хүрээлэнгийн эрдмийн зөвлөл, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлөөр тус тус хэлэлцүүлнэ. Төслийн гүйцэтгэлд дор дурдсан чиглэлээр хяналт тавина. Үүнд:
    1. 5.1.1    Төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын арга зүйн түвшин
      1. 5.1.2    Төслийн гүйцэтгэх хугацаа, үр дүн, тайлан
      2. 5.1.3    Төслийн санхүүгийн үйл ажиллагаа

5.2.   Улсын захиалгат төслийг хүлээлгэн өгөхдөө ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, төслийн үр дүнгийн тайланг засгийн газраас болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу гүйцэтгэж, санхүүгийн тооцоог дуусгавар болгоно.

  1. ШУТИС-ийн Технологийн сангийн төслийн үр дүнг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Эрдэм шинжилгээ, технологийн газарт хүлээлгэж өгнө.
  2. Аж ахуйн гэрээт ажил болон гадаадтай хамтарсан төслийн үр дүнг гүйцэтгэгч, захиалагчтай  байгуулсан  гэрээний  дагуу харилцан тохиролцсон хэлбэрээр хүлээлгэн өгнө.

Зургаа. Урамшуулал

  1. Төслийн нийт мөнгөн дүнгээс ШУТИС болон бүрэлдэхүүн сургуульд шилжүүлсэн төсөл гүйцэтгэгчийн шимтгэлүүдийг тухайн төслийг хэрэгжүүлж буй нэгжээс сургуульд оруулсан орлого, хувь нэмэр гэж тооцно. ШУТИС-ийн Технологийн санд орлого тогтмол оруулсан төсөл гүйцэтгэгч Технологийн сангаас санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад давуу эрх эдэлнэ.
  2. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнд оруулсан шимтгэлийг төсөл гүйцэтгэгчийн ажлын байрны  нөхцлийг  сайжруулахад /тавилга, техник хэрэгсэл гэх мэт/ ашиглаж болно.
  3. Төслийн хүрээнд их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор оруулж ирсэн тоног төхөөрөмжийг зах зээлийн ханшаар үнэлж, сургуулийн хөрөнгөд бүртгэж авах комиссыг Ректорын тушаалаар байгуулна.
  4. Комиссын үнэлгээ, дүгнэлтээр тогтоогдсон тухайн тоног төхөөрөмжийн зах зээлиийн жишиг үнийг харгалзан төсөл гүйцэтгэгчийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд явж оролцох, бүтээлээ хэвлүүлэх болон бусад зардлыг нь санхүүжүүлэх хэлбэрээр нэг удаа урамшуулж болно.

Долоо. Бусад асуудал

  1. Олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд энэхүү журмыг ерөнхийд нь баримтлах бөгөөд журманд зааснаас өөрөөр заасан тохиолдолд тухайн төслийг гүйцэтгэх олон улсын тусгай гэрээний заалтуудыг дагаж мөрдөнө.
  2. Энэхүү журмын заалтуудыг зөрчсөн, хэрэгжүүлж гүйцэтгэсэн төслийн мэдээллийг их сургуулийн мэдээллийн баазад бүртгүүлээгүй, технологийн санд төвлөрүүлэх шимтгэлийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч бүтцийн нэгжийн захирал, ахлах нягтлан бодогч, төслийн удирдагч нарт их сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэх ба шимтгэлийг, зохих хувиар тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлнэ.
  3. Төслийн үр дүнд буй болсон оюуны бүтээл, өмчийг зохих хууль, дүрэм, журмын хүрээнд их сургуулийн оюуны өмчийн мэдээллийн баазад бүртгэх, баталгаажуулах асуудлыг Инновац, технологи дамжуулалтын алба эрхлэн гүйцэтгэнэ.