ШУТИС-ийн 76 дахь удаагийн төгсөлт болж байна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2015/16 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 76, магистрын 38 дахь удаагийн төгсөлт 2016 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр доктор 6, магистрын 78 мэргэжлээр 370, бакалаврын 155 мэргэжлээр 2437 үүнээс онцлох дипломтой 103, дипломын зэрэгтэй 47 оюутан төгсөн гарч байна.  

 

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, Ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Д.Батчулуун, П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбарын эрхлэгч, профессор багш төгсөгч оюутан залуучууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж Ректор Б.Очирбат үг хэлж, Монгол Улсын гавьяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор, профессор Г.Батхүрэл багш төгсөгч оюутнуудад хандан үг хэллээ.

 

Мөн шилдэг төгсөгч нарт өргөмжлөл, дипломыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм. Төгсөгчдөд диплом олгох Ректорын тушаалыг Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал уншиж танилцуулснаар магистрын зэрэг хүртэж буй төгсөгчдөдөө дипломыг нь гардуулан өглөө. Ёслолын ажиллагааны төгсгөлд тангараг өргөж “ШУТИС бидний бахархал” дууг бүгд хамтран дуулснаар ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТИС-ийн Төгсөгчдийн холбоо