MIT Global Startup Labs Mongolia хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийн шилдэг Массачусеттсын Технологийн Институт (МТИ) нь Монгол улсын их сургуулиудтай хамтран ажиллаж, сургалт, судалгаа, инноваци, энтрепренершипийн арга туршлагаасаа хуваалцаж байгаа билээ. Тэгвэл энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болгон жил бүр дэлхийн хэд хэдэн улсад хэрэгжүүлдэг MIT Global Startup Labs хөтөлбөрөө энэ зуны хугацаанд Монгол улсад зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөр нь тус сургууль гарааны бизнес эхлүүлэх талаарх өөрсдийн олон жилийн туршлага, мэдлэгийг дэлхийн улсууд дахь байгууллага, хувь хүмүүстэй хуваалцдаг албан ёсны платформ юм.

Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрөөр нэрээ дэвшүүлсэн 800 гаруй оюутан, залуусаас 40-ийг сонгож, зуны 2 сарын хугацаанд мобайл аппликэйшнийн бизнес эхлүүлэх талаар сургаж, дадлагажуулсан. Энэхүү хөтөлбөрийн оролцогчдын 30 гаруй нь МУИС, ШУТИС-иас шилэгдсэн бөгөөд тэдний дунд мэдээлэл зүйн үндэсний болон бүсийн олимпиадын аварга оюутнууд олон байв.

Хөтөлбөрийн оролцогчдод МТИ-иас ирсэн сургагч нар энтрепренершип, технологи, дизайны чиглэлээр 8 долоо хоногийн туршид ахисан түвшний сургалт явуулсан. Оролцогчид хөтөлбөрийн эхнээс 10 багт хуваагдаж, мобайл аппликэйшнд тулгуурласан гарааны бизнесийн санаагаа олж, багаа бүрдүүлж, технологийн хөгжүүлэлт хийж уйгагүй ажиллаж байв.

Хөтөлбөрийн явцад багууд хөгжүүлсэн шийдлээ танилцуулах төгсөлт буюу Demo Day үйл ажиллагаа 2016 оны 8 сарын 11-нд “Шинжлэх Ухааны Парк-Мэдээллийн Технологи”-д явагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд BOOQ, Air Beat, Khot, Game Ger, Bolzoo, Staqo, iTrip, UVR, Zaalandaa, Openee гэсэн 10 баг оролцсон.

 

 

Залуусын хөгжүүлсэн шийдлүүдийг үнэлж, дүгнэхээр “Инфинит Солюшнс” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б. Габит, Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч. Мэргэн, ШУП-МТ-ийн Инноваци, технологийн төвийн захирал Д. Батхуяг, “Ай Ти Зон” ХХК-ийн Программ хангамжийн газрын дарга Б. Нямцэрэн, “Монгол Ай Ди” ХХК-ийн захирал М. Халиунбат, Дэлхийн Банкны МХТ, энтрепренершип, инновацийн зөвлөх Г. Энхболор, “Терра Экспресс” ХХК-ийн захирал Ш. Халиунбат зэрэг энтрепренер, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирсэн байв.

Ингээд багууд шийдлүүдээ танилцуулж гүйцсэний дараагаар шүүгчид байр эзлүүлж, “Шилдэг бизнес” шагналыг Zaalandaa аппликэйшнийг боловсруулсан залуус хүртсэн бол “Шилдэг загвар бүтээгдэхүүн” шагналыг BOOQ багийнхан авсан юм. Zaalandaa багийн залуус Улаанбаатар хотын хэмжээнд спорт заалны захиалгыг автоматжуулж, мэдээллийг нь төвлөрүүлж, заал захиалах зүдэргээтэй ажлыг хялбаршуулсан шийдэл танилцуулснаараа “Үзэгчдийн шагнал”-ыг мөн хүртсэн юм. Харин BOOQ баг хүмүүс өөрт байгаа номоо бусдад худалдах, зар тавих, худалдан авах, номын талаарх шүүмж, дүгнэлтээ хуваалцах боломжтой аппликэйшнийг хөгжүүлсэн байлаа.

Ийнхүү бүтэн 2 сар үргэлжилсэн MIT Global Startup Labs Mongolia хөтөлбөр амжилттай явагдаж өндөрлөв. MТИ сургуулийн зүгээс энэхүү хөтөлбөр амжилттай зохион байгуулагдсан тул дараа дараагийн жилүүдэд өөр талбарт гарааны бизнес эхлүүлэх чиглэлээр зохион байгуулах боломжтойгоо илэрхийлж байлаа.