Мэдлэг дамжуулалт: Шинэ ном


11-р сар. 15, 2016, 11:03 a.m.

Италийн Нэхмэлийн машин үйлдвэрлэгчдийн холбоо (ACIMIT) болон Монголын Ноос Ноолуурын холбоо (MWCA)-ны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “МЭДЛЭГ ДАМЖУУЛАЛТ” чиглэлээр Ноос ноолуур боловсруулах салбарын инженерийн мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг их сургуулийн болон үйлдвэрлэгчдийн хэрэгцээнд зориулсан 4 боть номыг хэвлүүлээд хүлээлгэн өгөх арга хэмжээ Итали улсын элчин сайдын яаман дээр зохиогдлоо. Итали улс бол Нэхмэл материал, Нэхмэлийн машин үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг, олон улс оронд түүний дотор манай орны Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд энэ орны тоног төхөөрөмж өргөн хэрэглэгддэг. Нэхмэлийн технологи, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үндсэн технологи, тоног төхөөрөмжийн бүтэц ажиллагааг өргөн хүрээнд бүрэн багтаасан энэхүү ботийг ШУТИС-ийн ҮТС-ийн профессор багш нар орчуулсан болно. Үүнд:

  • Ээрэх үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж (Д. Энхтуяа, Д. Батбаяр, Р. Бадмаанямбуу),
  • Нэхэх үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж (Б. Болормаа),
  • Сүлжих үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж (П. Туул, Д. Нарантогтох),
  • Гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж (Р. Мядагмаа).


«Бүр 1999 онд Италийн их сургууль болон нэхмэлийн институтийн урилгаар ажиллах явцдаа Нэхмэлийн салбарын багш нарын багийн үйл ажиллагааны бахдам хувь нэмрийг харсан тэр үеэс л нэхмэлийн сургуульд зориулж мэргэжлийн ном бэлтгэх хэрэгцээтэйг ойлгосон билээ. ACIMIT байгууллага нь Италийн Их сургуулийн оюутнуудад хамгийн сүүлийн үеийн техник технологийг агуулсан номыг хэвлүүлж түгээдэг. Эдгээр номнуудын англи, хятад хэл дээрх хэвлэл нь гадаадын нэхмэлийн гол их сургуулиудад амжилттай хэрэглэгдэж байгаа бөгөөд өнөөдөр бид монгол хэл дээр хэвлүүлээд байна, цаашид орос, араб хэл дээр хэвлүүлэх гэж байна. Ингэснээр нэхмэлийн үйлдвэрлэл хөгжиж буй болон эртний уламжлалтай улс орнуудад сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийн номыг түгээх нөхцөл бүрдэж байгаад баяртай байна. Эдгээр номыг чанарын өндөр түвшинд орчуулсан ШУТИС-ийн профессор багш нарт болон тэдний шавь нарт ажлын амжилт сайн бүхнийг хүсье!».       

Рафаэлла Карабелли, ACIMIT-ийн ерөнхийлөгч, 2016 он

Төрөлх сургуулийнхаа 55 жилийн ойн босгон дээр дэлхийн их сургуулиудад хэрэглэгддэг номыг эх хэл дээрээ орчуулан оюутан шавь нартаа болон үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад өргөн барьж буй Эрдэмтэн багш нарын маань эрдэм судлалын болон сурган хүмүүжүүлэх үйлс өөдрөг бүтэмжтэй байх ерөөлийг өргөн дэвшүүлье!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа