ГХИ-ийн АСТ-ийн япон хэлний багш, оюутнууд Япон Улсын Бүнкёо Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаад ирлээ

ШУТИС, ГХИ болон Бүнкёо Их Сургууль нь 2010 онд харилцан санал солилцож 2011 онд сургалтын технологи болон оюутан солилцоог өргөжүүлэх зорилгоор сургууль хоорондын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2011-2015 онд Бүнкёо Их Сургуулийн багш болон оюутнуудыг  хүлээн авч зуны сургалт зохион байгуулж, 2012-2015 онд оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд ГХИ-ийн багш, оюутнууд жил бүр  Бүнкёо Их Сургуульд айлчилдаг.   Бүнкёо их сургуультай хамтын гэрээ байгуулан, оюутан солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Сургалтын арга, технологийг харилцан хөгжүүлэх, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой.

   2016-2017 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус институтийн  ахлах багш Б.Ундармаа, 4-р курсын оюутан Б.Нандин-Эрдэнэ, М.Билэгжаргал  нар нь дээрх гэрээний дагуу оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.

Бүнкёо их сургуулиас зохион явуулж буй  32 дахь удаагийн ”Шёотоосай”соёлын арга хэмжээ нь 2016.11.05-11.06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургуулийн  лекцийн танхимд монголын соёл, зан заншил, уламжлалт тоглоом, наадгай зэргийг танилцуулав. ГХИ-ийн япон хэлний оюутнууд монголын соёлын тухай япон оюутнууд ба багш нарт танилцуулж, хэлний мэдлэг чадвараа дээшлүүллээ. Тус булан нь энэ жилийн баярын шилдэг булангаар шалгарч “Ректорын нэрэмжит шагнал”-аар шагнагдсан.

Япон улсын нийслэл Токио хотын бүс нутагтай танилцан, япон хүмүүсийн амьдрал хэв маяг, ёс    заншил болон орон сууц, хот төлөвлөлт, япон улсын хөгжилтэй танилцан, Ёкохама хот, Асакүса,  Токио цамхаг зэргийг үзэж сонирхлоо.

Мөн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бакалаврын болон магистрын семинарын хичээлүүдэд       оролцов. Хичээл тус бүрт монгол оюутнууд өгөгдсөн даалгавар, дасгалыг япон оюутнуудын адил   амжилттай гүйцэтгэж хичээлд идэвхтэй оролцлоо. 

Мэдээг бэлтгэсэн: ГХИ-ийн Ази судлалын тэнхим, Япон хэл

Б.Ундармаа