Япон улсын Чибагийн технологийн их сургуультай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Такэнори Шимизүгийн урилгаар   Япон улсын Чибагийн технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга ноён Осаму Сэтокума, Сансар судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Мацуи Такафуми, Ректорын албаны дарга ноён Сомэяа Акито нар 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай сургуульд айлчлан 2 сургуулийн хамтын ажиллагаа, өнөөг хүртэл хамтран хийж ирсэн сансар судлалын судалгааны ажлын талаарх үр дүнгээ ярилцаж байсан билээ.

Тус уулзалтын үр дүнд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ШУТИС болон Чибагийн технологийн их сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдлаа. Гэрээ зурах ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Такэнори Шимизү, Чибагийн технологийн их сургуулийн ректор, доктор Комияа Казухито,  Удирдах зөвлөлийн дэд дарга, Сансар судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Мацуи Такафуми, Гадаад харилцааны албаны дарга Муто Хороки болон ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, П.Жаргалтуяа, ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр нар оролцлоо.

Чибагийн технологийн их сургууль нь Роботын судалгааны төв, Хиймэл оюун ухаан судлалын төв, Сансар огторгуй судлалын төв зэрэг олон судалгааны төвөөрөө алдартай юм. Дэлхийн их дээд сургуулийг эрэмбэлэх жагсаалтаар 65-р байранд, Япон улсдаа 9-р байранд жагсдаг томоохон сургууль бөгөөд Технологийн их сургууль шилдэг их сургуулийн тоонд багтаж буй анхны тохиолдол ажээ. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсанаар Японы тус нэр хүндтэй сургуультай багш, оюутан солилцоо, хамтарсан хурал, семинар зохион байгуулах зэрэг бүхий л чиглэлээр хамтын ажиллагаа явуулах боломж нээгдэж байгаа юм.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба