“Ноос ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт ба экспортын боломж: маркетинг, дизайн, технологи” семинар

Нидерландын Гадаад яамны дэргэдэх Хөгжиж буй улс орныг Европын зах зээлд өөрийн орны онцлог бүтээгдэхүүнийг экспортлох чадамжийг нь нэмэгдүүлэх замаар дэмжих зорилготой “CBI” байгууллагын “Экспортод бэлтгэх” хөтөлбөр Монгол улсын Ноолуурын салбарт 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус төслийг санаачлагчид нь ШУТИС-ийн багш нар юм. Энэ хугацаанд манай улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Гэр ахуйн ноос, ноолууран бүтээгдэхүүн шинэ чиглэлийг хөгжүүлж Олон улс орны нэр хүнд бүхий үзэсгэлэнд дээрхи байгууллагын санхүүжилтээр оролцож эхлээд байна. 2016 оны 4 сард ШУТИС болон “CBI” байгууллагын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд ҮТС дээр “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт”, БуХС дээр “маркетингийн судалгаа”-ны экспертын багууд байгуулагдан Яам, холбоод, үйлдвэрлэгчидтэй амжилттай хамтран ажиллаж байна.

Төслийн үйл ажиллагааг нийтэд танилцуулах, Монгол улсын ноолуурын салбарын үйлдвэрлэлийн шинэ чиглэлийн экспортын маркетингийн төлөвлөгөөний төсөлд санал авах зорилгоор “Ноос ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт ба экспортын боломж: Маркетинг, Дизайн, Технологи” сэдэвт семинарыг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбар, ЖДҮ-ийн Судалгаа сургалтын төв болон ҮТС-ийн Текстил судлалын салбар, Нэхмэлийн технологи, дизайны профессорын багаас 2016 оны 11-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

2

Зураг 1. Ноос ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт ба экспортын боломж: Маркетинг, Дизайн, Технологи” сэдэвт семинарт оролцогчид

Семинарт ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ХҮБХЗГ-ын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа, “CBI” байгууллагын эксперт Д. Хьюф,  К. Бронк, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, МҮХАҮТ-ийн Экспортыг дэмжин хөгжүүлэх газрын дарга Ч.Цэцэгмаа, Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн Ё. Энхтөр нар болон Монгол улсад ноос ноолуурын чиглэлээр хэрэгжиж Олон улсын төслүүд, Ноос, ноолуурын үйлдвэрүүдийн төлөөлөл, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүд, ШУТИС-ийн профессор багш, оюутнууд зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

3

Зураг 2. Семинарын үеэр

            Семинарт  дараах илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв. Үүнд:

  1. “ Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэлийн талаар төрөөс баримталж байгаа бодлого”
  2. “ Нидерландын CBI байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилго, чиглэл”
  3. “Гэр ахуйн ноос, ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн чиг хандлага, экспортын боломж”
  4. “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийн технологийн хөгжил, бүтээгдэхүүний шинэчлэл”
  5. “Салбарын экспортын маркетингийн төлөвлөгөө(SEMP)-ний үндсэн чиглэл”

Семинарын үеэр манай орны ноос ноолуурын салбарт хэрэгжиж буй олон улсын ADB-“Mongolian Nobel Fiber”, Swiss Development Agency- “Green Gold”, “Uniterra”, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Холбоо ба Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоорондын хамтын ажиллагааны “Хонины ноос” төсөл, “AVSF” Францын хил хязгааргүй малын эмч нар ТББ –ын ноолуурын төслүүдийн талаар танилцуулав.  

Семинарын үеэр “Гэр ахуйн ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, экспортын тулгамдсан асуудлууд ба боломж” хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогч талуудын төлөөлөл санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн оролцогчдын саналыг илүү тодорхой болгох  үүднээс санал асуулга авсан ба цаашид шийдвэрлэх, Салбарын экспортын маркетингийн төлөвлөгөөнд тусгах асуудлуудыг нэгтгэн санал зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр тогтов.

Зохион байгуулагчдын төлөөлөл

ШУТИС, БуХС, Технологийн менежментийн салбар

 Л. Оюунцэцэг, Я.Оюунтунгалаг

ҮТС-ийн Текстил судлалын салбарын проф. Д. Энхтуяа