Дээд боловсролын хөгжлийн асуудлаар хийсэн зарим судалгааны дүн

     Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг, Монголын их, дээд сургуулиудын консорциумаас явуулж байгаа онлайн судалгааны явцын дүнг нийтэлж байна. Одоогийн байдлаар энэ судалгаанд нийслэл, орон нутгийн их, дээд сургуулиудын 140 гаруй багш, ажилтан оролцсоноос ажилласан жилийн хувьд: 1-5 жил 15,2%, 6-10 жил 14,4%, 11-20 жил 31,8%, 20-30жил 22%, 30-аас дээш жил 16,7%, боловсролын зэрэг: Бакалавр 8,3%, магистр 59,4%, доктор (Ph.D) 30,1%, доктор (Sc) 2,3% байна. Манай улсын дээд боловсролын гал тогоог гардан ажиллуулж байгаа эдгээр хүмүүсийн бодол дүгнэлт тухайн салбарын дүр төрхийг харахад тус нэмэр болох болов уу гэсэн үүдээс Өдрийн сонины

2016-11-03-ны №253 –рт нийтлэгдсэн мэдээллийг танилцуулж байна.

Манай улсын дээд боловсролын тогтолцоо, боловсролын байгууллагуудын бүтэц оновчтой байна уу?

Оновчтой зөв байна  3,8%, Боломжийн, гэхдээ өөрчлөн    сайжруулах  шаардлагатай  65,6% , Хангалтгүй  26%,  Мэдэхгүй  4,6%,

Дээд боловсролын тогтолцоо, бүтцийн талаар судалгаанд оролцогчдын өгсөн саналын тойм:

Их, ДС-ийн удирдлагыг улс төрөөс ангид,  ил тод, сонгон шалгаруулалтаар, хамт олны саналаар сонгодог байх,Сургуулиудын хараат бус бие даасан байдлыг хангах, босоо тогтолцооноос хэвтээ тогтолцоонд шилжих,

Судалгаанд суурилж, өөрийн орны онцлогт тохирсон бүтцийг бүрдүүлэх,Уялдаа бүхий шаталсан тогтолцоо бүрдүүлэх, их сургуулиудыг үндсэн гол чиглэлээр нь мэргэшүүлэх,Боловсролын захиргааны төв байгууллагын зарим шаардлагатай эрх үүргийг их сургуулиуд руу шилжүүлэх, Боловсролын байгууллагын удирдлагыг бүрдүүлж байгаа арга хэлбэр нь дээд боловсролын хөгжил, шинэчлэлийн зорилтод нийцэж байна уу?

Тохирохгүй байна 14,5%, Бүрэн нийцэж байна  6,9%, Тийм ч сайн биш 70,2%, Мэдэхгүй 8,4%

Дээд боловсролын байгууллагын удирдлагын талаар гарсан саналын тойм :

Сургуулийн удирдлага багшаа сонссон, оюутанд ойр байх. Улс төрчдийг даган баясагчид, тэдний өмнө дуулгавартай байх нь хөгжилд муугаар нөлөөлж, дээд боловсролын нэр хүндийг унагаж байна. Удирдлага нээлттэй, багш, оюутан  нартаа чиглэсэн бодлого явуулах, сайн удирдагч гэдэг нь ажлаа сайн хийж байгаа хүмүүст саад болохгүй байхыг хэлнэ гэдэг. Хамт олон өөрийн удирдлагаа сонгох ардчилсан эрх чөлөө бидэнд байгаа бил үү? Хөгжлийн бодлогоо ШУ-ны үндэстэй уян хатан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд хамт олны хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлэх. Удирдлагын тогтолцооны хэт нүсэр, олон шат дамжлагыг цөөлөх, удирдлагыг томилох бус сонгодог байх. Ажил үүргийн давхардал ихтэй, сургалтын гол зүйлдээ анхаарахгүй хэлбэр хөөсөн шинжтэй байдаг. Тэнхим, салбар, профессорын баг, хөтөлбөрийн дэд хороо гээд олон нэгж зэрэгцээд байдаг ч ажил сайжирсан юм харагдахгүй байна. Үүрэг хариуцлага, ажлын хувиарлалт, зохион байгуулалт оновчгүй. Дээд боловсролын байгууллагын удирдлага нь тухайн салбартаа өндөр түвшинд мэргэшсэн, онолын мэдлэг практик туршлага, хамт олонтой ажиллах сайн арга барил бүхий шалгарсан эрдэмтэн, удирдагч байх шаардлагатай, гэтэл намын томилгоогоор энэ шаардлагыг бүрэн хангахгүй хүмүүс тавигдаж, багш ажилтныг үзэл бодлоор нь ялгаварлах, ажил хэрэгт намын үүднээс өрөөсгөлөөр хандах байдал гардаг. Иймээс дээд боловсролын байгууллагын удирдлагыг намын нөлөөллөөс гаргаж, мэргэшсэн удирдлагын тогтолцоонд оруулах хууль эрх зүйн акт гаргаж хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Дээд боловсролд ер нь удирдлага байна уу?  БСШУСЯ- нь ЕБС-тэйгээ л ажиллахаас илүү гарахгүй байдаг. Тэр нь бүтэлтэй эсэхийг бас мэдэхгүй.

     .Дээд боловсролын эрх зүйн орчин нь түүний хөгжих нөхцлийг бүрдүүлж чадаж байна уу?

 Сайжруулах шаардлагатай 66,4%, Чадахгүй байна 19,2%,  Болж байна 8%  Мэдэхгүй  6,4%      Судалгаанд оролцогчдын гаргасан саналын тойм: Төрийн сургуулийг төр ивээлдээ авсан шиг авах, эсвэл хөгжих орчинг бүрдүүлэн, хяналтаа тавьж,зах зээлийн харилцаанд оруулах. Санхүүгийн эрх чөлөө, багш нарын нийгмийн асуудлаар эрхзүйн  зохицуулалт хэрэгтэй байна. Дээд боловсролын талаарх онол, хандлага, загвар, ШУ-ны чиг хандлагыг өөрийн улсын бодит байдалд нийцүүлэн оновчлох хэрэгтэй. Галууг дууриаж, хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэрээр ажиллахаа зогсоох. Хуулиа шинэчлэх, зарим хууль журам амьдралд нийцэхгүй байна. Монгол мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх. Гарсан хууль, журмаа бүрэн мөрддөг байх.

   Дээд боловсролын үйлчилгээний чанарыг та хэрхэн үнэлэх вэ?

 Муу  15%, Боломжийн  44,1%,  Сайн 8,7%,  Хангалтгүй 32,3%     Дээд боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд гол нь ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар судалгаанд оролцогчдын өгсөн саналын хувь: Багшийн хандлага, арга барилын өсөлт, хөгжил  56,3%, Элсэгчдийн суурь түвшин 55,5%, Орчин үеийн стандарт хангасан сургалтын орчин  43,8%, Мэргэжлийн хөтөлбөрүүдийн чанар 36,7%, Сургалтыг нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах  37,5%, Сургалт- ЭШ- үйлдвэрлэлийн холбоо                                             28,9%, Дээд боловсролын бодлого, үйл ажиллагааны ШУ-ны үндэслэл 19,5%, Сургуулийн бие даасан байдал, эрх зүйн орчин  18,8%, Сургалтын технологийн шинэчлэл, хөгжил  18%, Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох 14,8% 

. Дээд боловсролын сургалтын үнэлгээний бодит байдлыг та хэрхэн үзэж байна вэ?

Үнэн бодитой үнэлэх талаар хангалтгүй  25%, Бодитой үнэлж байна  12,9%, Үнэлгээний системийг өөрчлөн сайжруулах шаардлагатай  62,1%

   Сургалтын чанар, үнэлгээний бодит байдлыг хангах талаар судалгаанд оролцогчдын саналын тойм:

Оюутан, багшид сурах, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт,Төлбөртэйгээ уялдаад сургалтын чанарт нөлөөлж байна.Төгсөгчдийн мэргэшлийн түвшинг төрөөс тогтоодог байх, Сургалтын төлөвлөгөө чанартай бас тогтвортой байх, дээр нь багшийн чадвар, багшийн мэдлэг ямар байхаас оюутны мэдлэг, чадвар шууд шалтгаалдаг, Удирдлагууд багш, ажилтан, оюутнуудаасаа боловсролын үйлчилгээний чанарын талаар санал авч, түүндээ тулгуурлан бодлогоо хэрэгжүүлэх, Шинэ залуу багшийг цаашид багшлуулах эсэх асуудлыг  эхний 2 жилийн оюутны саналыг харгалзан шийдэж байх, Боловсрол тэргүүлэх салбарыг харгалзан багшийн цалин, эрдэмтэн судлаачдын ажлын үнэлэмжийг өндөрсгөх, Сургалтын үр дүнг бодитой үнэлж, баталгаажуулах шалгуур чухал,  Элсэгчдийн суурь түвшин, мэргэжлийн баримжаа төсөөлөл, мэргэжил сонголт,Шудрага бус үнэлгээ, ар өврийн хаалгаар бодитой биш үнэлгээ тавихад багш нарыг түлхдэг, Багш бүр чанартай үйлчилгээ үзүүлж, оюутнуудыг хариуцлагажуулан идэвхжүүлэх, Их, дээд сургуулийн ЭШ, инновацийн ажлын өнөөгийн байдлыг хэрхэн үнэлэх вэ ?

Боломжийн  32,5%, Хангалтгүй  46,2%, Сайн  6%, Мэдэхгүй 15,4%

   ЭШ, инновацийн ажлыг сайжруулахад  ямар асуудлыг нэн тэргүүн шийдвэрлэх шаардлагатай талаар өгсөн саналын хувь:

Хөрөнгө оруулалт санхүү  62,8%, ЭШ, судалгаа-Үйлдвэрлэлийн холбоо  55,4%, Судлаачдын гадаад, дотоод хамтын ажиллагаа  51,2%, Судалгааны тэргүүлэх чиглэлийн нэгдсэн бодлого   42,1%, Судлаачдын онол-аргазүйн чадвар  38,8%

ЭШ, инновацийн ажлыг сайжруулах  талаар судалгаанд оролцогчдын гаргасан саналын тойм:

Инноваци манайд нэр төдий байгааг засах, манай нөхцөлд хэрэгжүүлэх стратегийг гаргахгүй бол цаг, мөнгө үрсэн ажил болно. Төсөл шалгаруулалт шудрага бус явагддаг, Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг бодлогоор дэмжих, ЭШ-ний ажлыг дэмждэггүй, Судалгааны ажил хийх боломж, цаг хугацаа, орчин нөхцөл бүрдэхгүй байна, Санхүү, ойлголт дэмжлэг, хүнд суртал, Гарсан шинэ санаа, шинэ шийдлийн мөнгөн урамшууллыг бодитой болгох, Өөрийн улсын тулгамдаж байгаа асуудлыг судалгааны үндэстэй тодорхойлох,Нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх байр алдагдсан, нийгмийн хөгжлийн нэг үндэс суурь нь хүн өөрөө байдаг, ЭШ-ний ажилд сургуулийн бие даасан байдал, эрхзүйн сайн орчин чухал,Хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудыг түлхүү анхаарах, Урт хугацааны хөнгөлттэй зээлд хамруулах,

Дээд боловсрол олгож байгаа сургалтын үйл явц, технологи, арга барилыг ямар гэж та үзэж байна?

Боломжийн  45,6%, Маш сайн 0,8%, Хангалтгүй 36,0%,Тааруухан 17,6%

Өнөөгийн түвшинд багш нар үүргээ хэрхэн биелүүлж байна? Хангалттай сайн 8,8%,Тааруухан 36,8%, Хангалтгүй 13,2%, Боломжийн 41,2%

Багшийн ажлын амжилтанд сөрөг нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар судалгаанд оролцогчдын өгсөн саналын хувь:Багшийн ажлын үнэлэмж  хангалтгүй  58,5%, Багшийн нийгмийн асуудал 50,8%, Багш өөрийгээ хөгжүүлэх нөхцөл боломж дутагдалтай 42,4%,Оюутны тоо-хэт ачаалал 34,7%, Багшаас сургалтанд хандах хуучинсаг, идэвхгүй хөшүүн байдал 33,1%, Багшийн онол- аргазүйн мэдлэг, туршлага дутмаг 26,3%, Боловсролын бодлого 16,1%, Тухайн сургуулийн сургалтын ажлын зохион байгуулалт  оновчтой биш  13,6%,

Манай улсын дээд болосролын салбарт нэн түрүүнд засууштай зүйлийн талаар гарсан саналын тойм. ЕБС-ийн сургалтын чанар мэдэгдэхүйц унаж байгааг анхаарах. Удирдлагыг намаас хараат бус, тогтвортой ажиллуулах, боловсролын бодлого тогтвортой залгамж чанартай байх. Гадаадын сургуулиудын бүтэц, туршлагыг  тэр хэвээр нь шууд хуулахгүй, өөрийн улсын нөхцөлд тохируулж буулгах. Их, дээд сургуулиудын хөгжилд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа боловч хамгийн хүчтэй сөрөг нөлөөлж байгаа зүйл бол улс төрөөс хараат байдал нэмэгдэж байгаа явдал юм. Эрх зүйн орчин,  алсыг харсан өөрийн улсын өвөрмөц нөхцөлд тохирсон  боловсролын тогтвортой цогц бодлого дутагдаж байна.Чанаргүй сургалт явуулж байгааг татан буулгаж, сургуулийн тоог цөөлөх. Сурлагаар муу оюутныг хасдаг, идэвх сул багшийг халдаг байх. Нийгмийн захиалга, эрэлтийг сайн тооцох. Хүний нөөцийн бодлого алдагдсанаас хэрэгцээгүй олон мэргэжлээр төгсгөж, дээд боловсролын үнэ цэнийг алдагдуулж байна. Мөнгөний хойноос улайрч , чадваргүй хүмүүсийг олноор элсүүлдэг. Магистр, докторын сургалтыг чанаржуулан олон улсын түвшинд хүргэх, мэдлэг, оюуны бүтээл үйлдвэрлэх ёстой байхад мөнгө олох хэрэгсэл болгож байна.  Хүн болгон дээд боловсролтой болох албагүй, Монголын их, дээд сургуулиудад болж бүтэж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох. Их дээд сургуулиудыг үйлчилгээний чанараар нь эрэмбэлж, төрөөс урамшил дэмжлэг үзүүлэх. Их дээд сургуулийн сургалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, оюутнууд үнэн чанартаа хүссэн багшаа, хүссэн хичээлээ сонгож чадахгүй байна. Багшийн нийгмийн асуудлыг дэмжиж, цалинг нэмэн шаардлагыг өндөрсгөх. Удирдлагыг тогтвортой, улс төрөөс хамааралгүй, удирдлага, хамт олон бие биенээ хүндэтгэсэн, нэгдмэл зорилготой, харилцан суралцах орчныг бий болгох. Хөтөлбөрийн шинэчлэлийг хэлбэр төдий бус үндэслэлтэйгээр дахин хийх шаардлагатай байна. Аливаа бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь судалгаанд үндэслэсэн байх нь чухал.

Дээд боловсролын үндсэн асуудлуудаар судалгааг цаашид явуулах бөгөөд сонирхсон хүмүүс www.maher.org.mn сайтаар орж, судалгаанд оролцож, санал бодлоо хуваалцах боломжтой.

Мөн soyombo_alt2000@yahoo.com цахим хаяг, 96616500 утсаар холбогдож болно.