Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 тэтгэлэг гардууллаа

Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд боллоо. Тэтгэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв.

Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Цэрэнгийн Доржсүрэн, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Дамжингийн Чинзориг, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Архитектурын 3 дугаар ангийн оюутан Намжилын Цэрэнчимэд нарын шилдэг 30 оюутан хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан тэтгэлэг гардуулж хэлсэн үгэндээ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гарган суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн ур чадвар, сурлагын амжилтыг нь чухалчлан олгож байна.

Оюутны сурлагын амжилт, мэргэжлийн чиглэлийн судалгаа хоёр бол оюутан хүний хамгийн гол шалгуур юм. Мэргэжлийн ур чадвар, өрсөлдөх чадамж, судалгаа шинжилгээнд суурилсан мэдлэгтэй сайн боловсон хүчин болохын төлөө эрдэм оюун, хөлс хүч, хичээл зүтгэлээ бүрэн зориулсан, ирээдүйн өмнө үүрэг хүлээж буй хариуцлагатай цаг хугацаа бол оюутан нас юм. Ийм ч учраас төр засгаас оюутан залуусаа үргэлж дэмжиж байдаг. Оюутнууд маань холыг харж, зөвийг бодож, эрдэм мэдлэгтээ шамдаж байгаагийн хэрээр улс орны маань ирээдүй тодрон гэрэлтэж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан хүнлэг сэтгэлтэй, монгол үндэсний амин чухал дархлаа: соёл уламжлалаа дээдлэн, өөрийн үйл амьдралдаа хэвшүүлсэн үндэсний сэтгэлгээтэй монгол хүн болон төлөвшиж байгаад баяртай байна.

Манай оюутнууд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлага, чадвар, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролд тэмүүлж, түүндээ хүрч чадаж байгаа нь бахархууштай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлгээрээ Та бүхний хичээл зүтгэл, эрдэм оюуныг урмаар шагнаж, зорилго тэмүүлэлд чинь ташуур өгч; гэр бүл, төрөл садан, найз нөхөд, анги хамт олон, сургууль, улс орныхоо өмнө хүлээх хариуцлагыг тань улам нэмэгдүүлж байна. Та нараар үлгэрлэж дүү нар, найз нөхдийг тань сайн бүхэнд уриалж байна.

Та бүхний цаашдын зорилго, ажил хөдөлмөрт их амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлье

Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай гэлээ.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА