Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

     Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, шинэ жилийн баярыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын багш цолоор Уул уурхайн сургуулийн ахмад багш Ж.Лхамсүрэн, Монгол Улсын гавьяат багш цолоор Барилга, архитектурын сургуулийн ахмад багш Ж.Цэвэгсүрэн нарыг шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн ордонд гардуулан өгөв.

     Мөн энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Барилга, архитектурын сургуулийн ахмад багш Д.Баттогтох, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал Ч.Гулнар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор Б.Отгонбаяр нар шагнагдсаныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь гардуулан өглөө. 

    Алтан гадас одонгоор Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Жавзансүрэн, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Л.Отгонцэцэг, Геологи, уул уурхайн сургуулийн дэд профессор С.Оюунгэрэл, ахлах багш Ч.Алтанцэцэг, жолооч Б.Тогтохсүрэн, Механик тээврийн сургуулийн ахмад багш Ү.Цэрмаа, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахмад багш С.Болдбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалтын мастер Д.Отгонжаргал, Гадаад хэлний институтийн багш Б.Ундармаа нар шагнагдсаныг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гардуулан өглөө.

     Шагнал хүртсэн нийт багш нарыг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн хүлээн авч хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, цагаан идээний дээдийг өргөн барилаа. Мөн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Гадаад хэлний институтийн профессор Г.Туяа, Ректорын нэрэмжит шагналаар Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга О.Халиун Сургалтын бодлого, чанарын албаны мэргэжилтэн Д.Батдорж нар шагнагдлаа.