Дэндэвийн Бадарч ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолоор өргөмжлөгдлөө

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 3 дугаар тогтоолоор ШУТИС-д 25 жил үр бүтээл, санаачилгатай ажиллан, их сургуулийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулан хөгжүүлж, сургалтын агуулга, технологи, материаллаг бааз, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэн, дэлхийн дээд боловсролын сүлжээнд ШУТИС-ийг нэгтгэх ажлыг эхлүүлж, МУ-аас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д өндөр дээд албан тушаалд сүүлийн 15 жилд амжилттай ажиллаж олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Дэндэвийн Бадарчид техник, технологийн салбараар ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжлөхөөр шийдвэрлэсэн байна.

“Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус сургуулийн төв номын сангийн хурлын танхимд болж ШУТИС-ийн үе үеийн удирдлагууд, Эрдмийн зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулиудын захирал, эрдэмтэн багш нар, ШУА, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн хамт олон, Уралын сургууль төгсөгчдийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцов.

Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Ректор Б.Очирбат үг хэлж, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш Эрдмийн зөвлөлийн тогтоолыг танилцуулж, Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв “Хүндэт доктор” цол хүртэж буй доктор, профессор Д.Бадарчийн товч намтар, танилцуулгыг хийв.

Ёслолын ажиллагааны хөтөлбөрийн дагуу Ректор Б.Очирбат доктор, профессор Д.Бадарчид “Хүндэт доктор” цолны өмсгөл, тэмдэг, өргөмжлөлийг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа цэцгийн баглааг тус тус өргөн барилаа.

Хүндэт докторт баяр хүргэж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, ШУТИС-ийн зөвлөх профессор, Академич П.Очирбат, Монгол Улсын гавьяат эдийн засагч, ШУТИС-ийн профессор, ШУ-ны доктор, профессор Г.Батхүрэл, ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, ХШУС-ийн багш Ш.Рашид, Уралын сургууль төгсөгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Дуламжав нар үг хэлж, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Д.Бадарч ёслолын ажиллагаанд оролцогчдод талархал илэрхийлэв. 

Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн Ректор асан, доктор, профессор Д.Бадарч нь 1978-2003 онд ПДС, ТИС, ШУТИС-д багшаас Ректор болон ажиллах хугацаанд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан гадаад, дотоодын төслүүдийг эхлүүлэх,  залуу багш нарыг сургах, дадлагажуулах, гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, оюутныг гадаад, дотоодын төрөл бүрийн  тэтгэлэгт хамруулах, сургуулийн лабораторийн барилгыг өөрсдийн хувь нэмрээр босгох зэрэг нэлээдгүй ажлыг орчин үеийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан санаачлан эхлүүлж, амжилттай удирдан зохион байгуулсан юм.

Д.Бадарчийн ЮНЕСКО-гийн өндөр дээд албан тушаалд ажиллах хугацаандаа хийж буй зарим нэг ажлаас дурдвал дэлхийн 30 гаруй улс орны сургалтын нээлттэй нөөцийн талаар туршлагыг нэгтгэн судалж, цуврал ном хэвлүүлж, мэдээллийн технологийг сургуулийн өмнөх, бага сургуулийн түвшинд нэвтрүүлэх асуудлаар 3 жилийн төсөл удирдаж, улмаар 3 ном хэвлүүлж, анхны МООС (Massive Open Online Course) боловсруулж хэрэгжүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна. Мөн уур амьсгалын асуудал ба ёс зүй чиглэлийн МООС хийх ажлыг удирдсан. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэн Засгийн газар хоорондын комиссын хурлыг гардан зохион байгуулж байна. Одоо ЮНЕСКО-гийн “Соёл хоорондын харилцаа” хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд “Евро-Арабын харилцаа”, “Бакугийн соёл хоорондын харилцааны форум”, Саудын Арабын төслийн ерөнхий зохицуулагч, “Торгоны замын зураглалын төсөл”-ийн зохицуулагч зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Мөн ЮНЕСКО-гийн удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх зөвлөлийн гишүүн, уур амьсгалын зөвлөлийн орлогч дарга, дээд тушаалын ажилтан шалгаруулах зөвлөлийн гишүүн зэрэг олон тооны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Монгол Улсын нэрийг дэлхийд нэр төртэйгээр гарган ажиллаж яваа Д.Бадарч багшдаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, эрүүл энх, саруул сайхан явахын ерөөлийг ШУТИС-ийн нийт эрдэмтэн судлаачид, профессор багш нар, ажилтан, ажиллагсад, оюутан суралцагсдын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл

Эрдэм шинжилгээний алба

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль