“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” сэдэвт хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага хамтран “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 4 дүгээр сарын 12-нд Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй “Үдийн цай” хөтөлбөрийн өнөөгийн хэрэгжиж байгаа байдлын доголдолтой талууд тулгамдаж буй асуудлууд, цаашид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүүхдийн нас, бие бялдрын онцлогт тохирсон үйлчилгээ, сургалтыг зохион байгуулахад шаардлагатай арга хэмжээг холбогдох яамд, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан ярилцав. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, “WITH” ТББ-ын Монгол дахь төлөөлөгч Пак Гён Хи нар үг хэлэв.

Хэлэлцүүлэгт ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжав “Олон улс дахь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба “Үдийн цай” хөтөлбөрийн өнөөгийн байдал” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Мөн БНСУ-д “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем”-ийг Солонгосын дайны дараагаас өнөөг хүртэл хэрхэн зохион байгуулсан тухай болон эрхзүйн орчин, зохион байгуулалт, хяналт шалгалт, хэрэгжүүлж байгаа арга зам, тогтолцоо, хүнсний хангамж болон нийгэм дэх эерэг үр дүнгийн талаар уг ажлыг удирдан зохион байгуулж байсан Сөүлийн үндэсний их сургуулийн профессор, доктор Чу Хэ Ён илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулав.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Сарангэрэл, А.Ундраа, М.Оюунчимэг, Н.Амарзаяа, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, төрийн нарийн бичгийн дарга Б.Очирбат, холбогдох мэргэжилтэн, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, мэргэжилтнүүд, ХХААХҮЯ- ны холбогдох газрын дарга мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын байгууллагуудын мэргэжилтнүүд, нийслэлийн боловсролын газар, үйлдвэрлэл үйлчилгээний холбогдох албаны хүмүүс, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий технологич зэрэг хүмүүс оролцож хүн амын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлуудад хүүхдүүдээ хэрхэн эрүүл зөв өсгөж тэдний төлөө тавих анхаарлын гол хэсэг нь хүүхдүүдээ зөв зохистой хооллох, боловсрол олгох, үйлчилгээ явуулах арга зам юм гэдэгтэй санал нэгдэж холбогдох судалгааг явуулж эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв.