ШУТИС-ийн MUST баг шилдгээр шалгарлаа

Монгол улсын ноос ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлуудыг уламжлалт бус, технологитой хослуулан хамтдаа шийдэхэд залуучуудын оролцоог идэвхжүүлэх зорилготой “Ноос Ноолуур + Мэдээлэл, харилцаа холбооны технологи” сэдэвт  “Startup Weekend” хөтөлбөрийг Стартап Монголиа, Uniterra WUSC Монголиа, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран зохион байгууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд  дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

● Ноос ноолуурын салбарт энтрепренершипийг хөгжүүлж залуучуудын оролцоог нэмэгдүүлэх;

● Энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр иргэд, байгууллагуудын санаачлага, хичээл зүтгэлийг нэг зүгт хандуулах, тэдний ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох;

● Оюутан, залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зэрэг болно.

Энэ үйл ажиллагаанд ШУТИС, ХААИС-ийн төгсөгчид, оюутнууд болон бусад их сургуулийн оюутнууд, төрөл бүрийн салбарт ажиллаж буй залуучуудаас бүрдсэн 9 баг оролцлоо. Оролцогчдод боломжит санаагаа бодит бизнес болгох төслийг 54 цагт багтаан боловсруулах даалгавар өгөгдсөн. Тэд цаашид үйлдвэр аж ахуйн газрууд хэрэгжүүлэх боломжтой маш сонирхолтой саналуудыг дэвшүүлснийг шүүгчид өндрөөр үнэлж байлаа. Богино хугацаанд хөрөнгө оруулалтаа эргэн нөхөх боломжтой ноос ноолуураар үйлдвэрлэсэн “оффис коллекц” гаргасан ШУТИС-ийн ҮТС-ийн төгсөгчид, оюутнуудын “MUST” баг түрүүлж Стартап Монголиа байгууллагаас хэрэгжүүлдэг Pre-Accelerator хөтөлбөрт оролцох эрхээр шагнагдлаа. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Эвсэг ХХК-ийн захирал Г. Бат түрүүлсэн багийн оюутнуудыг компанидаа урьж цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн.  
 

Шилдгээр шалгарсан MUST багийн гишүүд (ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан Номинзул,

Нямлхагва, Одончимэг (төгсөгч), Дэлгэрдалай), бүтээлийн танилцуулга

Ноос ноолуурын салбарт ажиллаж буй ШУТИС-ийн төгсөгчид, оюутнууд идэвх санаачлагатай, амжилттай оролцлоо. Залуучуудын санаачлагад шүүгчид хангалуун байлаа.

“Startup Weekend” хөтөлбөрт оролцогчид

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар залуус Монгол улсын ноос, ноолуурын салбарын өнөөгийн болон цаашдын хөгжлийн чиг хандлага, салбарт нэвтрээд буй олон улсын өндөр түвшний технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл авсан. Мөн энэ салбарт ур чадвартай хүний нөөцийн хэрэгцээ, шаардлага их байгааг ойлгож мэдэхийн зэрэгцээг цаашид хөгжүүлэх асуудлуудыг олж харсан гэсэн дүгнэлтэд зохион байгуулагчид хүрлээ.

Хөтөлбөрийг зохион байгуулсан, ивээн тэтгэсэн байгууллагууд, оюутнуудаа удирдан чиглүүлж, зөвлөгөө өгсөн багш нартаа, үйл ажиллагаанд оролцсон шүүгчдэд сургуулийн захиргаа, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа