“Гал түймэр, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалт боллоо

Нийслэлийн онцгой байдлын газар, Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТАС, Коосен загварын Технологийн дээд сургуультай хамтран ШУТИС-ийн Хурлын танхимд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагаас “Гал түймэр, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, аюул ослын талаар ойлгуулах, аюулгүй амьдрах зөв дадал эзэмшүүлэх, амьдралдаа хэрэглээ болгох чадвар эзэмшүүлэх, гэр бүл, сургуулийн орчинд тохиолдож болох ахуйн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, өөртөө болон бусдад аюул, осол тохиолдсон үед тусламж хүсэх, үзүүлэх, болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, бусдадаа тусламж, дэмжлэг үзүүлэх мэдлэгийг багш сурагчдад олгох нь энэхүү сургалтын зорилго юм.

Уг сургалтад Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль 46 сурагч, Коосен загварын Технологийн дээд сургуулийн 42 сурагч, багш 5, Хангамж үйлчилгээний албаны 11 ажилтан албан хаагч, хичээлийн I, II байрны менежер, ШУТТНС-ийн ахлах мэргэжилтэн нийт 114 хүн хамрагдав.

Энэхүү сургалтыг НОБГ-ын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон нийт оюутан сурагчид, багш ажилтан нарт 101,102,103,105 тоот тусгай дугаарын утаснууд нэгдсэн сүлжээтэй болсон бөгөөд гал түймэр гарч буй талаар мэдээллийг 105 тоот утсанд мэдэгдэх, мэдээлэл өгсөн утсаа чөлөөтэй байлгах нь чухлыг онцлон хэллээ.

Мөн ой түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх мөн хуурайшлын үед ногоон бүсэд аялахгүй байх талаар багш, ажилтан, сурагчдад зөвлөгөө өглөө.

Нийслэлийн хэмжээнд жилдээ дунджаар 3000 гаруй гал түймэр гарч хүний амь нас эрстэж, эд хөрөнгөө алддаг тухай тоо баримтыг дурьдаж 2017 эхний улиралд гарсан 1000 гаруй гал түймрийн дийлэнх хувийг хашааны өнжмөл өвсөө шатаахаас шалтгаалсан гал түймэр эзэлж байгааг хэллээ. Нийт сургалтад оролцсон багш, ажилтан, сурагчдад гал унтраах хэрэгсэл, галын крант хэрэглэх, ашиглах зааварчилгаа өгч “Anhaar” aппликейшныг гар утсандаа татаж  суулгахыг зөвлөлөө.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Нийслэлийн онцгой байдлын газар