MIT-МОНГОЛ Улс санаачлага, хотжилтын асуудлыг хэлэлцэв

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Масечусетс технологийн их сургууль (MIT)Монгол улсын санаачлага төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2016 оны "MIT-Mongolia Pilot Program" төслийн 4 дэх арга хэмжээ болох Хотжилтын асуудлаарх хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 25-28 өдрүүдэд АНУ-ын Бостон хотноо МIT-д зохион байгуулагдлаа. Монголын талаас БСШУСЯ, МУИС, ШУТИС, Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын төлөөлөгчид оролцоод ирлээ.

Семинарт оролцсон төлөөлөгчид, дээд эгнээ зүүн талаас: Ц.Тулга УБ хотын ерөнхий төлөвлөлтийн хэлтэс, Т.Чулуун МУИС-Тогтвортой хөгжлийн төв, М.Ватанабэ Чүо Их Сургууль, Г.Амарсанаа МУИС ХШУИС, Б.Цэрэгмаа ШУТИС БАТС, З.Энхмөнх MIT-Монгол хөтөлбөрийн координатор, Г.Үүрдмандах МУИС Бизнесийн төв, Г.Гантулга МУИС ШУС, Доод эгнээ зүүн талаас: Юү-Хүн Хон /Жессика.Л Андерсон/ STL MIT, Ч.Баасандаш ШУТИС, Бэрнд Виддиг MITгадаад хамтын ажиллагаа, Б.Мандухай MITАнтропологи, Э.Пүрэв-эрдэнэ ШУТИС БАС.

Тус хуралдаанд ШУТИС-иас Эрдэм шинжилгээ, инноваци эрхлэсэн проректор Ч.Баасандаш "Entrepreneurial Model of Urban Innovations" сэдвээр, БУХС-ийн профессор Б.Цэрэгмаа "Uniqueness and Challenges of Ulaanbaatar" сэдвээр, БАС-ийн багш Э.Пүрэв-Эрдэнэ "Ulaanbaatar Current Situation and Future Paradigm" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хуралдаанд нийт 14 илтгэл хэлэлцүүлэгдсэн ба Монголын талын илтгэгчид бүс нутгийн хөгжил, Улаанбаатар хотод тулгарч буй асуудлууд, шинээр хэрэгжүүлсэн инновацид суурилсан зарим төслүүдийн үр дүн болон хүлээгдэж байгаа судалгаа, бодлого, сорилтыг танилцуулсан бол MIT-ийн талаас Хот судлал, төлөвлөлтийн департмент (DUSPMIT) Самүэл Так Лий, Үл хөдлөх хөрөнгийн энтрепренёршип Лаборатори (STLMIT Lab, MIT Center for Real Estate)-оос эрдэмтэд, судлаачид оролцож хотжихуй, барилгын зах зээлийн системийн динамик анализ, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, шинэ технологийн хэрэглээ, манай хөрш орнуудад хийгдсэн хотжилтын судалгааг танилцуулав.

MIT, Антропологийн Проф. Б.Мандухай “Барилгажилт, Эдийн засгийн анги ба соёлын өв: Хотын амьдралын талаар дэлхийн хотуудын эмпирик судалгаа бидэнд юуг сургаж байна вэ” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна Бостон хот, MIT дахь амьдрал, соёл, эрдэм судлалын талаар бидэнд үнэтэй зөвөлгөө өгч байлаа. Мөн Харвардын их сургуулийн Анагаахын Проф. Д.Ганмаа, эдийн засгийн магистрант Б.Дөлгөөн, MIT-ийн компютерийн ухааны оюутан М.Төгсбаясгалан зэрэг олон монголчууд хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирж санал бодлоо солилцож байсан нь бидэнд их түшиг дэм болж байсныг тэмдэглэн, талархал илэрхийлж байна.

Мөн Бостон хотын MassDevelopment байгууллагын хот төлөвлөлтийн төсөлтэй танилцаж, бодит бүтээн байгуулалтын үйл ажиллагааг газар дээр үзээд ирлээ. Төсөл цаашид үргэлжлэн явагдах бөгөөд хэлэлцүүлгийн дүгнэлтээс гарсан үйл ажиллагааны тодорхой чиглэлээр нарийвчилсан саналыг бид боловсруулж хүргүүлэх ажлыг ойрын хугацаанд хийх юм. 

Эхийг бэлтгэсэн: Төслийн координатор З. Энхмөнх, Ч.Баасандаш, Э.Пүрэв-эрдэнэ ШУТИС