“Урлахуйн ертөнц-2017” наадам амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн ҮТС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Урлахуйн ертөнц” наадам 2017 оны тавдугаар сарын 06-ны өдөр “Хүннү молл”-д амжилттай болж өндөрлөв. “Оюутан цагийн шилдэг бүтээл-орчлонд танигдах Монгол бренд” уриатайгаар 8 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Урлахуйн ертөнц” наадам оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээл сурталчлах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг. Энэхүү наадам нийт оюутнуудын хүсэн хүлээсэн арга хэмжээ болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан таних, бие биенээсээ сурах, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.

Тус наадамд урилгаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, СУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Ч.Алтанцэцэг, Текстил судлалын салбарын эрхлэгч Л.Удвал, ҮТС-ийн ахлах нягтлан бодогч Ш.Чимэдцэрэн, “Бөртэ” ТӨУҮГ-ын технологич инженер Б.Мөнхзул, шүүгчдийг төлөөлж “Говь” ХК-ийн бүтээгдэхүүн хөгжлийн газрын дарга Б.Болормаа, “Монгол костюмс” компанийн дизайнер н.Энхбаатар, ҮТС-ийн Дизайны салбарын ахлах багш, хувцасны дизайнер Л.Ишдорж болон ҮТС-ийн профессор багш нар, оюутан залуус, тэдний гэр бүлийхэн, сонирхогчид зэрэг 500 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.

“Урлахуйн ертөнц-2017” наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулан, номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан өргөмжлөл, сургуулийн шагнал, ивээн тэтгэгч байгууллагын шагнал, шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулан “ГРАН ПРИ” шагнал олголоо.

Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:

  • ГРАН ПРИ шагналаар Хувцас дизайны IV, V курсын оюутнуудын “N.O.N” багийн “Galaxy” коллекци
  • Ирээдүйн үндэсний брэнд загвараар Оёмол бүтээлийн загвар зохион бүтээлтийн IV курсын оюутан Э.Сүнгэрэл, М.Мөнхмягмар нарын “Black daimond” коллекци
  • Технологи, зохион бүтээлтийн оновчтой боловсруулалттай загвараар Хувцас дизайны III курсын оюутнуудын “Winner” багийн “Quilt” коллекци
  • Шилдэг ансамбль /цогц/ загвараар Оёмол бүтээлийн загвар зохион бүтээлтийн IV курсын оюутан Л.Ундралын “Өвлийн солонго” коллекци
  • Уран сэтгэмжийн шилдэг загвараар Хувцас дизайны III курсын оюутнуудын “L-pro” багийн “Sharp eyes” коллекци
  • Материалын дизайны шинэлэг шийдэлтэй загвараар Хувцас дизайны I курсын оюутнуудын “The Wannabees” багийн “Urban Nomad” коллекци
  • Шилдэг зураг авалттай загвараар Хувцас дизайны III курсын оюутнуудын “Miraki” багийн “Огтлолцол” коллекци
  • Шилдэг удирдагч багшаар Дизайны салбарын багш, хувцасны дизайнер Б.Гэрэлмаа.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтад нийт 8 сургуулийн 39 оюутан оролцсоноос “Шилдэг загвар өмсөгч - Оюутан”-аар А.Анужин, А.Содбилэг нар шалгарлаа. 

  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Хувцас судлалын төв/ Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлтийн IV курсын оюутан Д.Наранцэцэг, Д.Билгүүн нарын “Chic” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Төмөр трейд ХХК/ Хувцас дизайны IV курсын оюутан Э.Чимэд, М.Батзаяа нарын “Зэрэглээ” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Бөртэ ТӨҮГ/ Хувцас дизайны II, III оюутнуудын “Meaning” багийн “Precious” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Монгол костюмс ХХК/ Хувцас дизайны V курсын оюутан Б.Халиуны “Ааде Фэе” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Говь ХХК/ Хувцас дизайны IV курсын оюутан Б.Маралмаагийн “Treasure” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Говь ХХК/ Хувцас дизайны IV курсын оюутан Н.Дуламдоржийн “Ovaline” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Говь ХХК/ Оёдлын үйлдвэрлэлийн технологийн II, III оюутнуудын “Victory” багийн “Монгол эгшиг” коллекциуд тус тус шагнагдсан бөгөөд Хувцас дизайны IV курсын оюутан Н.Дуламдоржид Говь ХХК-ний зүгээс ажилд орох урилгыг гардуулав.

Энэхүү наадамд идэвхтэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2018” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж-орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлье.