“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017” өдөрлөг боллоо

 “Ажлын байрны үзэсгэлэн яармаг” өдөрлөг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр болж өнгөрлөө. Өдөрлөгийг ШУТИС-ийг төгсөгчдөө ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлого, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг танилцуулах,  төгсөгч оюутнуудад ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлэх, ажил олгогч төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, төгсөгчдөөс сонгон шалгаруулалт хийх, ШУТИС болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зохион байгуулав. 

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа үг хэллээ. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг төгсөгч оюутнуудад хандан зөвлөгөө өглөө. ШУТИС-ийн Морин хуурын клубын оюутнууд “Түмэн агтны төвөргөөн” аялгуу тоглон, дуулаачийн клубийн оюутнууд “Ээж минь та” дуугаараа ая дууны мэнд дэвшүүллээ. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Д.Баясгалан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн талаар, Монголын ажил мэргэжлийн зөвлөхүүдийн холбооны тэргүүн Ш.Сосорбарам “Та ажилд ороход бэлэн үү?” сэдвээр сургалт явуулж 368 оюутан хамрагдсан байна.

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн, Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш Д.Ариунжаргал Бизнесийн удирдлагын төгсөх курсын оюутнууд болон Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төгсөх курсын оюутнуудтай хамтран хүрэлцэн ирсэн байгууллагуудад хандан “Ажилд орох үеийн танилцуулга”  хийлээ.

Уг өдөрлөгт Оюутны хөгжил, үйлчилгээний албатай хамтран ажилладаг байгууллага болох Нийслэлийн хөдөлмөрийн газар,  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  MCS групп, Ханхур холдинг, Канад Улсын Дэлхийн их сургуулийн үйлчилгээ ТББ, Номин холдинг,  Голомт банк, Говь ХК, Нанс кашмер ХХК, Монгол нэхмэл ХК, МАКорпораци,  Петровис ХХК, Таван богд групп, Эрдэнэс таван толгой ХК,  Алтан жолоо трейд, Тэсо корпораци, Очир ундраа групп, Эм Си Лог Хаус ХХК, IT zone ХХК, Premium Palace ХХК, Глобал аутсоринг ХХК,  Атар өргөө ХК,  Талх чихэр ХК, Өгөөж чихэр боов ХК,  Сүү ХК,  Монгол даатгал ХХК, Номин даатгал ХХК зэрэг 40 гаруй байгууллага оролцлоо.

Онцолж хэлэхэд Нийслэлийн хөдөлмөрийн газар нь манай төгсөгчдөд 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 451 ажлын байрны саналтай, Голомт банк мэргэжил харгалзахгүйгээр 40 гаруй нээлттэй ажлын байрны саналтай ирж, тухайн  мэргэжлийн дагуу төгсөгчдийн мэдээллийг авлаа. Мөн 900 гаруй оюутан онлайнаар анкет бөглөсөн ба ажил олгогч байгууллагуудад танилцуулан, ажлын байрны захиалгын дагуу  мэргэжлийн чиглэлээр төгсөгч  оюутнуудын мэдээллийг өгсөн болно. Тус өдөрлөгт 42 байгууллага оролцож, 551 нээлттэй ажлын байрны саналтай ирж, нийт 1000 гаруй оюутныг цагийн болон байнгын ажилд зуучилсан  болно.