Олон улсын туршилт, сургалт амжилттай боллоо

ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэнгийн Арьс шир боловсруулах өндөр технологийн инкубаторт (Энэхүү инкубаторыг БСШУСЯ, БОНХЯ болон ШУТИС-ийн Технологийн Сангаас санхүүжүүлж байгуулсан. Нийт санхүүжилт 387 сая төгрөгөөс 87 сая төгрөгийг ШУТИС гаргасан болно) ХБНГУ-ын "Lanxess" фирмийн мэргэжилтэн Zhenlin Gai 2017 оны 06 сарын 19-26 ны хооронд хүрэлцэн ирж үхрийн шир, хонь, ямааны арьсыг боловсруулах чиглэлээр сургалт, хамтарсан туршилтуудыг хийлээ.

Тус сургалт, туршилтанд тус хүрээлэнгийн Арьс шир судлалын эрхлэгч, доктор(Ph.D) С.Дашбал, ЭШДэдАжилтан А.Гантөмөр, ЭШДадАжилтан Д.Цэрэннадмид нар болон "Их асар" ХХК, "Мон-Ирээдүй" ХХК, "Арилдий" ХХК, "МЛТЖ" ХХК, "Мөнх шинэ од" ХХК-уудын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн 14 технологич, ИТА-нууд оролцов. Ийнхүү савхины чанарыг сайжруулах, хаягдал усны хэмжээ, түүнд агуулагдах химийн бодисыг бууруулах байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Германы Lanxess компани нь (хуучнаар Bayer компаний арьс ширний химийн бодис үйлдвэрлэдэг хэсэг нь) дэлхийн шилдэг 5-д багтдаг, химийн үйлдвэр бөгөөд энэхүү сургалтыг ШУТИС-ийн харьяа ХҮСХХ болон тус компаний хамтын ажиллагааны хүрээнд Монголын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн инженер, техникийн ажилтнуудад зориулж хийсэн юм.

ХҮСХХ-ийн Арьс шир судлалын салбар