ҮТС-ийн Текстил судлалын салбарын багш нар Япон улсын Киотогийн Технологийн дээд сургуульд сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэв


7-р сар. 7, 2017, 11:46 p.m.

ШУТИС-ийн ҮТС-ийн Текстил судлалын салбарын багш (Ph.D) Д.Батбаяр, Шима сейки төвийн програмист Б.Далайцэрэн нар 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 07 дугаар сарын 01-нийг хүртэл 3 сарын хугацаатай “MJEED - Инженер, технологийн дээд боловсрол" төслийн  хамтарсан судалгааны “Хүний тогтвортой хөгжлийг хангах Био-инженерийн судалгаа” сэдвийн хүрээнд Япон улсын Киото хотын Технологийн их сургуульд (Kyoto Institute of Technology) профессор Сачико Сукигарагийн удирлаганд зэргийн бус сургалтад хамрагдаж, судлаачаар ажиллаад ирлээ.

Энэ хугацаанд үндэсний үйлдвэрлэгч Говь ХК, Блю скай кашемир ХХК, Могол ноос ХХК зэрэг компаниудын үйлдвэрлэсэн ноос, ноолууран нэхмэл даавуу, сүлжмэл материалын механик шинж чанарын үзүүлэлтийг Kawabata Evaluation System (KES)-ийн тоног төхөөрөмжүүдээр тодорхойлсон. Үүнд:

  • Нэхмэл материалын шахалтын үеийн уян хатан чанар (Compression testing),
  • Гадаргуугийн жигдлэг байдал (Surface testing),
  • Гадаргуугийн үрэлтийн хүчний коэффициент (Friction testing),
  • Гулзайлт-Нугалралтын үеийн хөшүүн чанар (Bending testing),
  • Суналтын үеийн уян хатан чанар (Tensile testing),
  • Ташилтын үеийн хөшүүн чанар (Shearing testing) зэрэг механик шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох шинжилгээг нийтдээ 700 гаруй удаагийн давталттайгаар хийсэн.

Цаашдаа ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл материалын механик шинж чанарыг тодорхойлсон үр дүнг үйлдвэрлэгчдэд танилцуулан, материалын шинж чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, технологийн процессыг шинэчлэх тал дээр үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах болно.

Сургалтын хугацаанд багш нар профессор Сукигарагийн “Material science”, профессор Сатогийн “Colour technology” хичээлүүдэд сууж, “Нэхмэлийн материал судлал 2” хичээлийн агуулгын зарим сэдвүүдэд шинэчлэлт, сайжруулалтыг хийсэн.

Мөн Д.Батбаяр, Б.Далайцэрэн багш нар 04 сарын 26-28-ны хооронд Токио хотын “Tokyo big sight- Tokyo international exhibition center” үзэсгэлэнгийн ордонд зохион байгуулагдсан “IFFMAGIC+EDIT, JAPAN” Текстилийн салбарын олон улсын үзэсгэлэнд оролцож, орчин үеийн нэхмэл, сүлжмэл хувцасны үйлдвэрлэлийн чиг хандлага, материалын чанарын судалгааг хийсэн.

2017 оны 06 сарын 22-нд Киотогийн Технологийн дээд сургуулийн “Fibrous material science” профессорын багийн семинарт судалгааны ажлын үр дүнгээр “Mechanical properties of cashmere woven and weft knitted fabrics” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн, ингэснээр дараа дараагийн судлаачдын судалгааны ажлын сэдэв, чиглэлийг тодорхойлох суурь судалгаа болсон.