БАС болон Германы Берлиний Техникийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд доктор оюутан Оливиа Куммел докторын зэрэг хамгааллаа

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль (ШУТИС.БАС) болон Германы Берлиний Техникийн Их Сургууль (Берлиний ТИС) хоорондын хамтын ажиллагаа нь 2012 оноос эхэлж, оюутны зуны дадлага, профессор, багш оюутан солилцоо гэх мэт арга хэмжээг жил бүр Германы хамтын ажиллагааны байгууллагуудын тусламжтайгаар амжилттай явуулсаар ирсэн. Үүний нэг томоохон жишээ нь ШУТИС-ийн Ректорын 2012оны 04 сарын 27-ны Б-99 тоот тушаалаар ШУТИС.БАС-д Оливиа Куммел нь ахлах багшаар ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх хугацаандаа УБ хотын гэр хороолол болон албан бус суурьшлын талаар судалгааг нарийвчлан хийж улмаар ШУТИС.БАС-ийн Архитектурын салбарт докторант оюутнаар элсч ШУТИС-ийн докторантурт тавигдах шаардлагыг бүрэн биелүүлсэн. Мөн түүнчлэн 2015 оны 07сарын 17-ны өдөр дээрхи хоёр сургууль нь албан ёсоор хамтын удирдагчтай судалгааны ажлаа хамгаалах албан ёсны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Судлаач Оливиа Куммел нь энэхүү судалгаагаараа хотын “Албан бус” гэж нэрлэгдэх хөрш орчны орон нутгийн захиргааны судалгааг Монгол улсын Улаанбаатар, Египет улсын Кайр, Непал улсын Катманду хотуудын бодит судалгаан дээр үндэслэж харьцуулж хийснээрээ судалгааны ажлын орчин үеийн хэрэгцээ шаардлага оршихын зэрэгцээ судлаач нь эдгээр хотуудад биеэр очиж судалгаа хийж, эдгээр хотуудын нутгийн иргэд, удирдлагуудтай биечлэн уулзаж, дүрэм журмыг  нарийвчлан судалж үзэснээрээ онцлог юм. Судалгааны ажлын ололттой давуу тал нь хөгжиж буй хотуудын хөгжлийнхөө явцад хот төлөвлөлтөн дээр гаргадаг алдаа дутагдал түүнийг хэрхэн засах талаар арга хэмжээг дурьдаж, загвар боловсруулснаараа энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд судлаачдад үр өгөөжтэй судалгааны ажил болсныг тус хоёр сургуулийн профессор багш нар, удирдагчид эрдмийн зөвлөлийн гишүүд дурьдлаа. Судалгааны ажлын хамгаалалт нь онлайнаар явагдаж, 2 сургуулийн эрдэмтэд ээлжлэн асуулт асууж хариулт авлаа.

Мэдээг бэлтгэсэн: БАС-ийн захиргаа