“Asia Steel Bridge Competition”-д ШУТИС-ийн оюутнууд анх удаа оролцож чамгүй амжилт үзүүлэв

10 дахь удаагийн Азийн Ган гүүрийн “ASIA BRICOM 2017” тэмцээн Тайваний National Central University-д 8-р сарын 14-18-ны өдрүүдэд болж, нийт 7 улсаас 17 баг (Монголын 2, Тайваний 2, Японы 4, Хятадын 1, Индонезийн 2, Вьетнамын 1, Тайландын 5 баг) оролцсон юм. Энэхүү тэмцээн Ази тивийн их сургуулиудын оюутнуудын дунд 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол оюутнууд анх удаа оролцоод ирлээ.

2017 оны хоёрдугаар сард Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Барилга, архитектурын сургууль (БАС)-ийн Барилгын инженерийн салбарын санаачилгаар Монгол Улсад “ГАН ГҮҮР” тэмцээнийг их, дээд сургуульд барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд анх удаа зохион байгуулсан бөгөөд 1-р байр эзэлсэн ШУТИС, БАС-ийн "АРАВТ" баг, мөн 2-р байр эзэлсэн МҮИС-ийн БИС-ийн "Creative guys" багууд Монгол улсаа төлөөлөн Азийн тэмцээнд оролцох эрх авсан юм.

Энэхүү тэмцээнд багууд 4м-ийн алслалтай, 60 см өргөнтэй энгийн дамнуруун гүүрийг гангаар хийж уралддаг ба Угсралтын өртөг, Бүтээцийн өртөг, Нийт өртөг, Гоо зүй, Илтгэл, Хотойлтын урьдчилсан таамаглал гэсэн үндсэн 6 үзүүлэлтээр оноо өгч дүгнэдэг.  

ШУТИС, БАС-ийн ИбҮБИ-ийн мэргэжлийн оюутнуудаас бүрдсэн "АРАВТ" баг (Багийн ахлагч Ч.Баярбилэг, гишүүд Д.Ганцагаан, Д.Гантөмөр, Ч.Тэрбиш, Ж.Отгонсаруул, Б.Баярмаа, С.Ичинхорол, Н.Тэлмэн, зөвлөх багш дэд дрофессор М.Оюунчимэг, профессор П.Отгонбаяр) энэ удаагийн тэмцээнд Хотойлтын урьдчилсан таамаглалаар 1-р байр, Бүтээцийн өртгөөр 3-р байр, нийлбэр дүнгээр 5-р байрт шалгарав.

ASIA BRICOM тэмцээнд анх удаа оролцож чамлалтгүй амжилт үзүүлсэн “АРАВТ” багийнхандаа халуун баяр хүргэж, цаашдаа мундаг инженерүүд болохыг хүсье.

Тэмцээнд оролцоход дэмжиж тусалсан БАС-ийн захиргаа, компаниуд, хувь хүмүүс, гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Азийн Тэмцээний FB page: Asia Bricom 2017

Монголын Ган гүүрийн тэмцээнийн FB page: Ган гүүрийн тэмцээн

Мэдээ бэлтгэсэн М.Оюунчимэг