Германы зуны сургалтад гаднынхан үйлдвэрлэлийг онцолж байна

      Дэлхийн боловсрол гэж ярих болсон сүүлийн жилүүдэд манай улсын их дээд сургуулиуд гадаад харилцаагаа өдөр өдрөөр тэлж байна. Цаг үе, нийгэм ч үүнийг шаардах боллоо. Хөгжингүй улс орны хөгжлийн тулгаар бол инженерийн боловсрол. Харин манай улсад инженер технологийн дээд мэргэжилтэн бэлтгээд 50 гаруйхан жилийн нүүрийг үзэж байна. 2000 оноос хойш инженерийн боловсролын системд үсрэнгүй хөгжил гарч ирсэн хэмээн судлаачид үздэг. Энэ нь гадаад харилцааны хөгжилтэй шууд холбоотой. Өнөөдөр ШУТИС л гэхэд дэлхийн 23 улсын их дээд сургуулиудтай харилцаа холбоотой ажиллаж байна. Түүнээс 18 сургуультай 2+2 хамтарсан  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ бол хөгжлийн үндэс. Үүнээс үүдэн багш боловсон хүчин ч чадваржиж буй юм.

      Монголын багш нарыг ч гадаадын томоохон их сургуулиуд урьж ажиллуулж эхэллээ. Энэ бол боловсон хүчний хувьд дэвшил. Тухайн сургуульд урилгаар очсон манай эрдэмтэн багш нар хичээл заахаас гадна ШУТИС-ийг очсон сургуультайгаа холбох, тэд оюутан суралцах боломж бололцоог бий болгож буй нь бодит үр дүн юм. Тэдний нэг бол Германы Кемниц хотын Технологийн Их Сургуулийн зочин профессороор ажиллаж буй ШУТИС-ийн профессор, ШУ-ны доктор Т.Уранчимэг багш юм. Түүний ажиллаж буй сургуульд суралцах Монгол оюутны тоо жил жилээр нэмэгдэж байна.

      Мөн түүний санаачилсан олон улсын үуны сургалт нь Computer science, Computer Engineering and Education Technology буюу Компьютерийн ухаан, Компьютерийн инженерчлэл болон Боловсролын технологи гэсэн 3-н үндсэн чиглэлээр  зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жилийнх нь БНХАУ-ын Харбин хотын ШУТИС дээр болсон бол энэ удаад ХБНГУ-ын Kемниц хотын Технологийн их сургууль дээр, тус сургуулийн профессор В.Хардтын удирдлага доор долдугаар сард болж өнгөрлөө. Зуны сургалтад Герман, Монгол, Орос, Хятад,  Пакистан, Литва, Энэтхэг, Сири зэрэг найман улсын эрдэмтэн судлаач багш нар эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлсэн юм.
      Зуны сургалтыг удирдан явуулж буй Кемницийн Технологийн их сургуулийн профессор В.Хардт өмнө нь манай ШУТИС-д зочилж ирэхдээ сургалтын хоёр лаборатори нээж өгсөн юм. Энэ хүн бол монголчуудад элэгтэй, манай улсын техник технологийн салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй герман эрдэмтэн юм.

     Зуны сургалтад хамрагдсан судлаач багш нар Кемницийн технологийн их сургууль болон  судалгааны төвүүдтэй танилцсанаар сургалт эхэлсэн юм. Герман бол шинжлэх ухаан судалгааны төвүүд нь тусдаа бие даагаагүй, төрөөс санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа авдаг. Эрдэмтэн судлаачид нь зөвхөн судалгааныхаа ажлыг гүйцэтгэхэд бүх цагаа зарцуулдаг. Энэ нөхцөл бололцоог нь ч төрөөс хангаж өгсөн байдаг юм билээ. Манайхаас ялгаатай тал нь манай эрдэмтэн судлаач нарын эрдэм шинжилгээний ажил нь бүтээл болтлоо урт замыг туулдаг бол Германы судлаачдын бүтээл үйлдвэрлэлд шуурхай нэвтэрч хөгжүүлж байна. Германы судлаачид өөрт ногдсон ажлаа маш хариуцлагатай хийдэг. Судлаачдын судалгааны үр дүнг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагаанууд хурдан шуурхай хийгдэж байна. Харин манай Монголын судлаачид бол өөр. Тэдэнд төрөөс ямарч дэмжлэг үзүүлдэггүй. Бага цалинтай. Судалгааныхаа үр дүнг шалгах орчин цагийн лаборатори ч хомс. Энэ байдлаас болоод судалгааныхаа үр дүнг хэрэглээнд нэвтрүүлж чаддаггүй. Харин мэдлэг чадварын хувьд бол Монголын судлаач нар хоцрогдоогүй. Үйлдвэрлэгч орны давуу тал олон байна. Тэд хэзээ бүтээгдэхүүнээ борлогдох болов уу гэж эргэлздэггүй. Хамгийн гол нь судалгааны ажлын үр дүнд гарч ирсэн эд анги, бүтээл нь чанарын өндөр төвшинд зохион бүтээгддэг.

     Тус сургалтад хамрагдсан  судлаачийн илтгэлээс үзэхэд техник технологийн хөгжлийн дэвшлийг харуулсан эрдэм шинжилгээний өгүүлэл зонхилох байр суурь эзэлж байв. Гол санаа нь технологийн дэвшил. Манай улсын хувьд инженер технологийн салбартаа хөрөнгө хаяж судалгааны  төвүүдийг олноор байгуулж чадвал үйлдвэрлэгч орон болох үндэс суурь тавигдах юм. Сүүлийн арваад жил дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна гэх боловч үнэн хэрэгтээ бид эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадаагүй л явна. Яах аргагүй технологийн өөрчлөлт Монголд хэрэгтэй буйг олон судлаачийн эрдэм шинжилгээний өгүүллээс харлаа.