2017-2018 оны шинэ хичээлийн жилийн нээлт боллоо

         Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Санко” группийн ерөнхийлөгч Шимизү Такаши, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр, ШУТИС дэд захирал Х.Энхжаргал, Т.Намнан, Б.Сүхбат, Л.Баяр-Эрдэнэ, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг болон бүрэлдэхүүн сургуулийн захирал бусад холбогдох хүмүүс оролцлоо.

         Нээлтийн үйл ажиллагааны эхэнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т ШУТИС-ийн тугийг “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг жингийн алтан медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, ШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн ажилтны IV дамжааны оюутан П.Орхон, ШУТИС, Механик тээрийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн профессор, доктор (Ph.D)  Д.Ганбат нар хүндэтгэлийн тайзан дээр залав.

         “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн Нээлтийн ёслолын ажиллагааг нээж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Захирал, доктор, профессор Б.Очирбат “Эрхэм хүндэт профессор багш нараа, оюутан залуучууд, зочид төлөөлөгчид, эцэг эхчүүдээ та бүхэн шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүрийн 9 дүгээр сарын 1 бол манай орны бүх шатны боловсролын байгууллагын алба ёсны үйл ажиллагаагаа нээдэг ёслолын болон эрдмийн их баярын өдөр байдаг. Энэ уламжлал ёсоор өнөөдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийг үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Манай өнөөдрийн шинэ хичээлийн жилийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Академич Г.Чулуунбаатар, манай их сургуулийн төгсөгч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар өөрийн биеэр хүрэлцэн ирж нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаад их сургуулийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж ажлын их амжилт сайн сайхныг хүсэн ерөөе. ШУТИС 2017-2018 оны хичээлийн жилийн хичээл сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангаж энэ хичээлийн жилд манай их сургуулийн хөтөлбөрүүдийг 4200 гаруй оюутан залуус сонгож ШУТИС-ийн оюутнуудын эгнээг шинээр тэллээ. Манай их сургуулийг сонгож элсэн суралцаж байгаа шинээр элсэгч оюутан та бүхэндээ тусгайлан халуун байр хүргэж ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Өнгөрсөн хичээлийн жил манай их сургуулийн хувьд өмнөө тавьсан зорилго зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн олон сайхан баяр үйл явдлаар дүүрэн үр бүтээлтэй жил болж өнгөрсөн. Энэ бүгдээс нэг зүйлийг онцолж хэлэхэд 2016 оны 11 сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай ШУТИС-ийг аж үйлдвэрийн салбарт хүний нөөцийг бүрдүүлэх хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж 70 мянган инженер технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан түүхэн 55 жилийн ойг тохиолдуулж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Энэ шагнал манай хамт олны урам зоригийг бадрааж цаашдын ирээдүйд их ажилтанд хүрэх урам зориг хайрласан ийм сайхан баяр үйл явдал байсан. Энэ ирж байгаа хичээлийн жил олон сайхан амжилт бүтээлийг хийж бүтээх өрнүүн сайхан жил болно гэж бодож байна. Бид шинэ хичээлийн жилийн зорилго зорилтыг дөнгөж саяхан их сургуулийнхаа захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тодорхойлсон. Монгол Улсад ШУТИС тэргүүлэх их сургууль болж бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо бид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж дэлхийн хэмжээнд хүч сорих зорилтыг өмнөө тавьж байгаа. Монгол Улсын төрөөс Боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт 2024 оны гэхэд ШУТИС-ийг Ази тивийн тэргүүлэх 100 их сургуулийн нэгд оруулахаар зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс бид одооноос эхлэн тодорхой алхмуудыг үе шаттай амжилттай хэрэгжүүлж энэ зорилтдоо хүрэхийн төлөө ажиллаж байгаа. Ийм ч ураас энэ хичээлийн жилийг бид их сургуулиа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх их сургууль болгох эхний алхмыг хийх гарааны жил болгон зарлаж байгаа. Энэ хичээлийн жилд бид “QS Asia” байгууллагаар Ази тивийн их сургуулиудын үнэлгээ тогтоож ранкинг хийлгэдэг тэр системээр ШУТИС-ийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Мөн манай хөтөлбөрүүдийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх алхмуудыг бид сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж байгаа. Цахилгаан холбоо гэдэг мэргэжлийн хөтөлбөрийг АНУ-д төвлөрч үйл ажиллагаа явуулдаг “ABET” байгууллагаар магадлан итгэмжлүүлж олон улсад инженер технологийн чиглэлээр энэ хөтөлбөрөө анх удаа амжилттай магадлан итгэмжлүүлэх бэлтгэлийг үндсэндээ хангаад байгаа. Тодорхой зорилго зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд их сургуулийн бүртгэл статистик мэдээллийг боловсронгуй болгох, их сургуулийн мэдээллийн системийн тусламжтайгаар үүнийгээ улам хөгжүүлэх шаардлагатай болж байгаа. Их сургуулийн хөгжлийн бодлоготой уялдсан төлөвлөлтийн шинэ менежментийг нийт бие бүрэлдэхүүн нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Манай ШУТИС үе үеийн төгсөгч, оюутан, багш нараараа бахархаж байдаг сургууль. Манай их сургуульд олон сайхан эрдэмтэн багш нар ажиллаж амьдарч байдаг. Эдгээр хүмүүс та бүхнийг эрдэм номын харгуйд хөтөлж инженер технологийн орчин үеийн өндөр боловсрол олгоход дэмжиж ажиллах болно.  Манай их сургуульд олон сайхан ажилтан, ажилчид ажиллаж байгаа. Тэр хүмүүс та бүгдийн сурч амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрэн хангаж, хамтран ажиллана. Дөнгөж саяхан манай их сургуулийн оюутан, чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон их сургуулийн тугийг өндөрт өргөж мандууллаа. Энэ хичээлийн жилд манай элсэгчид дунд Монгол Улсын хэмжээнд ерөнхий шалгалтын онооны дүнгээрээ математикийн хичээлийн шалгалтыг 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо, Физикийн хичээлийн шалгалтыг 96 хувийн гүйцэтгэлээр 800 оноо авч Монгол Японы хамтарсан Инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Механик инженер” хөтөлбөрөөр элссэн н.Золбаяр оюутан орж ирлээ. Эдгээр бахархал болсон оюутнууддаа дахин халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе. ШУТИС-ийн 2017-2018 хичээлийн жилийн үйл ажиллагаа албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье” хэмээн үг хэллээ.

         Нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Академич Г.Чулуунбаатар “Монголчууд ном, багш хоёрыг дээдлэн шүтэж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Багш ном хоёрыг уулзуулж боловсрол мэдлэг эзэмших ариун үйл хэргийг иж бүрнээр цогцлоон байдаг тэр эрдмийн саруул өргөө бол сургууль юм. Өнөөдөр Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрт 1422 цэцэрлэг, 798 ерөнхий боловсролын сургууль, 97 их, дээд сургуулийн хүрээнд манай улсын 3-ны 1 хувьтай тэнцэх хэмжээний оюутан залуус, сурагчид, өсвөр багачууд эрдмийн өргөөний шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслол хийхээр баяр хөөртэй энэ өдрийг угтаж байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ хичээлийн жилийн зорилтыг Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас гэдэг зарчмын үзэл санааны хүрээнд багшийн хөгжилд тулгуурласан боловсролын системийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт болгон дэвшүүлж байгаа юм. Энэ нь боловсрол бол агуулга, арга зүй, технологи, орчин зэрэг олон зүйлийг багтаасан нэгдмэл үйл явц бөгөөд түүний төвд нь энэ бүхнийг холбон хэрэгжүүлдэг гайхамшигт үүргийг багш хэмээх эрдэнэт мэргэжилтэн хэрэгжүүлж байдаг учраас шинэчлэл тогтолцооны өөрчлөлтийн бүх агуулга чухамхүү багшийн олон талт үйл ажиллагаагаар сурагчидтайгаа, оюутантайгаа, эцэг эхчүүдтэй хамтран хэрэгжүүлдэг нэгдмэл тогтолцоо байх учраас бидний зорилт ингэж томьёологдсон юм. Өнөөдөр та бүхний нээлтээ хийж байгаа ШУТИС бол Монгол Улсад байгаа хамгийн том дээд боловсролын байгууллага. 27 мянган оюутныг эгнээндээ нэгтгэн жилд 4 гаруй оюутныг шинээр эрдмийн босго алхуулан хүлээж авдаг инженер техникийн болон бусад төрөлжсөн мэргэжлээр өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж Улсынхаа хөгжлийг түүчээлдэг, шилдэг мэргэжилтнүүдийг төгсгөн гаргадаг эрдмийн томоохон цогцолбор юм. Энэ том сургуулийн эрдмийн өндөр босгыг алхаж орж ирсэн шинээр элссэн 4 мянга гаруй оюутан залуучууддаа сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж амжилттай сайн суралцахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Манай Засгийн газар, боловсролын яам хоёр 2016 оноос хойш дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын дээд боловсролын байгууллыг Азийн бүс нутгийн шилдэг 100 их сургуулийн нэг болгох зорилтыг хөтөлбөртөө дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтын агуулга бол сургалтын төлбөрөөр амьдардаг биш судалгаа шинжилгээний ажил төсөл хөтөлбөрийн орлогоор санхүүжилтийн тодорхой хувийг бүрдүүлдэг, эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлын үзэл санааг инноваци болгон нэвтрүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлж чаддаг, түүнээсээ орлого бүтээгдэхүүн бий болгодог энэ замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг ийм дээд боловсролын байгууллага бий болгохын төлөө бодлогын чиглэл үүгээр тодорхойлогдсон юм. Танай сургуульд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд 4 тэрбум төгрөгийн 6 томоохон лабораторийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан бол мөн Япон улстай хамтарсан 1000 инженерийн төсөл, Инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд олон улсын сургалт, үнэлгээ, арга зүйн шинэ технологийг нэвтрүүлэх туршилт амжилттай хийгдэж байгаа зэргийг тэмдэглэг хэлэхэд таатай байна. Цаашдаа засгийн газраас судалгаанд суурилсан их сургуулийн бэхжүүлэх, их сургуулийг эрдмийн уурхай, боловсролын төв, залуу үе хүн болон төлөвшин хүмүүждэг томоохон цогцолбор болгон хөгжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэн хэлэхэд  таатай байна. Эх оронч үзэлтэй, чадварлаг боловсролтой монгол иргэн болж төлөвших, дэлхийн аль ч өнцөг буланд мэргэжлээрээ ажиллаж амьдрах чадвартай дэлхийн иргэн болж төлөвших эрдэм боловсролын ариун үйл хэрэгт өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БАС-ийн профессор П.Отгонбаяр, “Алтан гадас” одонгоор ГХИ-ийн профессор С.Дугармаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ГУУС-ийн ахлах багш С.Сийлэгмаа нар шагнагдаж нээлтийн ажиллагаанд оролцож буй хүндтэй зочид гардуулан өглөө.

Ч.Мангалжалав захиралтай Эрчим хүчний сургуулийн хамт олныг 2016-2017 оны хичээлийн жилд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, их сургуулийн сургалт, судалгааны орчин, материаллаг баазыг бэхжүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, судалгааны ажлыг хөгжүүлэх чиглэлд гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүнгээр ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудыг манлайлан, амжилт гарган  ажилласныг тань өндрөөр үнэлж ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлөөс өргөмжлөл, болор цомоор шагнасныг ШУТИС-ийн захирал Б.Очирбат гардуулав.

Жил бүрийн шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагааны үеэр шилдэг элсэгчдээ ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг мөн хамтран ажилладаг байгууллагын нэрэмжит тэтгэлгийг оюутнууддаа гардуулдаг уламжлалтай. 2017-2018 оны хичээлийн жилд ШУТИС-д шинээр элссэн шилдэг элсэгч болох А.Баяржаргал, Ч.Ганцэцэг, Ц.Намсрайдорж, Э.Анхбаяр, З.Итгэлбаяр, А.Отгонбаяр, Б.Энхжаргал, Б.Золбаяр, Э.Ариунболд, Д.Тулгабат, Н.Номинд “ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг” гардуулав. “Санко групп”-ийн нэрэмжит тэтгэлгийг М.Энхжин, Б.Бямбасүрэн, Ц.Хулан, Б.Буяндэлгэр, С.Ариунсүлд нарын 5 оюутан авлаа.

Шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн гадаах задгай талбайд шинээр элсэн суралцагч оюутнуудад зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ.

2017-2018 оны хичээлийн жилд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд “Электрон системийн автоматжуулалт” мэргэжлээр элссэн А.Отгонбаяр оюутан залуучууддаа хандаж үг хэлж, “Оюутны тангараг”-аа өргөснөөр ШУТИС-ийн шинэ хичээлийн жилийн нээлтээ хийв.