Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг


11-р сар. 14, 2017, 9:12 a.m.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур  чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ  онцгой амжилт  гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг олгоно.

Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

- хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;

- нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

- суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

- монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.  

 Материал хүлээн авах, шалгаруулалт

 - Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг маягтыг  http://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 эндээс татаж авна уу.

- Болзлыг хангасан суралцагч нь сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;

- Хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

- Холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;

- Хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох  бусад материалууд;

- Оюутан өөрөө  500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.

 Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн холбогдох материалыг бүрдүүлж 11 дүгээр сарын 20-ны дотор Оюутны соёл, үйлчилгээний алба (ШУТИС-ийн Төв байрны 327 тоот өрөө)-нд ирүүлнэ.

 

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА