АББ групп ШУТИС-ийн шилдэг оюутан залууст сургалтын тэтгэлэг олголоо


11-р сар. 14, 2017, 9:51 a.m.

          АББ групп 2015 оноос жил бүр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн шилдэг оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулдаг уламжлалтай. Энэ жил АББ группийн зүгээс ЭХС-ийн цахилгаан системийн автоматжуулалтын 3 дугаар курсийн оюутан П.Отгонзаяа, Цахилгаан хангамжийн 3 дугаар курсийн оюутан Г.Буянжаргал, АББ группийн албан ёсны дистрибьютер “МонХорус Интернэшнл” ХХК цахилгаан системийн автоматжуулалтын 4 дүгээр курсийн оюутан Ч.Гунгаасамбуу нарын бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг олгож байна. Ёслолын ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд боллоо.

         Арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр, АББ группийн албан ёсны дистрибьютер “МонХорус Интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрчим хүчний сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн багш, оюутан залуус оролцов. Энэ үеэр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр тэтгэлэгт хөтөлбөрт оролцогч оюутнуудын тоо хангалтгүй байгаа, цаашдаа тэтгэлэгт хөтөлбөрөө улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ. 2017 онд АББ группийн Монгол Улсад техник, технологио нэвтрүүлсний 85 жилийн ой тохиож байгаа ба тус сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг “Ирээдүйг хамтдаа бүтээцгээе!” уриан дор зохион байгуулж буйгаараа онцлог.

            АББ групп нь 2016 оноос ШУТИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж 2016 оны 2 дугаар сард ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд “Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмжийн туршилтын лаборатори”-ыг 250 сая төгрөгөөр, 10 дугаар сард ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 250 сая төгрөгийн лабораториудыг үнэ төлбөргүйгээр хандивласан нь ШУТИС-д нийт 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний болон уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах боломжтой боллоо. Мөн эрчим хүчний болон уул уурхайн салбарын одоо ажиллаж байгаа инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болсон юм.

            АББ групп дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, Монгол Улсын эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлуудад өргөн хүрээнд оролцож шинэ техник технологийг нэвтрүүлж байна. Дашрамд дурдахад Дэлхий даяар АББ группийн 7 судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ технологиудыг зохион бүтээх, сайжруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн 70 томоохон их дээд сургуулиудтай хамтран ажилладаг ба судалгаа, шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлдэг байна.

            АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газар, АББ группийн албан ёсны дистрибьютер “МонХорус Интернэшнл” ХХК-ийн хамт олонд ШУТИС-ийн удирдлага нийт эрдэмтэн багш, оюутан залуусын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.