ШУТИС дэргэдээ Хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

ШУТИС-ийн багш, ажилчдын санаачлагаар байгуулсан ШУТИС-ийн дэргэдэх Эрдэм хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ. Цэцэрлэгийг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Оюутны дотуур байрны ашиглалтгүй байсан 276 м2 талбайд шинээр засвар хийж тохижуулан байгуулсан байна. Цэцэрлэг байгуулахад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд идэвхтэй оролцож төсөв, хөрөнгийн нь шийдвэрлжээ. Мөн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн багш нар хүүхдийн цэцэрлэг байгуулахыг дэмжиж олон багш, ажилтнууд нар нь нэг өдрийнхөө цалинг хандивласнаар цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоом, хичээлийн хэрэгслийг худалдан авчээ.

Цэцэрлэгийн нээлт өчигдөр болж БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн тэргүүний 22 дугаар цэцэрлэг, ШУТИС-ийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэвэлмаад ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат цаашдын ажилд нь амжилт хүсч алд цэнхэр хадаг цагаан идээний дээдийг өргөн барив. Мөн ШУТИС-ийн төв номын сангийн захирал Ч.Гулнар, Шинжлэх ухаан технологийн Ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох нар ном, зурагт үзүүлэн, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлэглэв. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Ой модны технологийн салбар тус цэцэрлэгийн хүүхдүүдийн сандал, ширээг цэвэр модоор хийж,  Текстил судлалын салбар хөнжил, гудас, орны даавуу, Хүнсний инженерчлэлийн салбар гал тогооны зохион байгуулалтыг технологийн дагуу стандартад нийцүүлэн зохион байгуулсныг нээлтэд оролцогчид онцолж байлаа. Мөн ариун цэврийн өрөөнүүдийг орчин үеийн өндөр түвшний стандартад нийцүүлэн зохион байгуулсан байна.

ШУТИС-ийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нь Нийслэлийн тэргүүний 22 дугаар цэцэрлэгийн харьяанд үйл ажиллагаа явуулах бөгөөд одоогоор тус цэцэрлэгт 70 хүүхэд хамрагдаад байна. Эрдэм цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн II хороонд байрладаг. Энэ цэцэрлэгт зөвхөн ШУТИС-ийн багш, ажилчдын хүүхдээс гадна тухайн хорооны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд болон зарим оюутны хүүхдүүд ч хамрагдсан байна. Улсын цэцэрлэгийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдүүдийн эцэг эхээс ямар нэгэн төлбөр авахгүй ажээ.