Клубүүдийн намрын улирлын тайлан хэлэлцэх хурал боллоо

ШУТИС-ийн оюутны сайн дурын болон мэргэжлийн клубийн намрын улирлын тайлан хэлэлцэх хурал 2017 оны 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Оюутны мэргэжлийн клубүүдийн тайлан хэлэлцэх хурлын үйл ажиллагааг нээж Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал үг хэллээ. Тэрээр оюутнуудыг клубээр хамт олон болж ажиллаж байгааг сайшаагаад. Клуб нэр зүүх биш эрчимтэй сайн ажиллах хэрэгтэй байгааг хэлэв.

Тайланг сонсож хэлэлцэх комисст ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар, мэргэжилтэн Д.Цогзолмаа, ЭХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, Профессор Б.Бат-Эрдэнэ, ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор  2017 оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Г.Мөнхсайхан, Зочин профессор Ц.Түвшинтөр нар ажиллав.

  

Оюутны сайн дурын клубүүдийн тайлан хэлэлцэх хурлыг нээж Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, доктор, дэд профессор Т.Гэрэлт-Од үг хэллээ.

Тайланг сонсож хэлэлцэх комисст ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар, БуХС-ийн ХУС-ийн дэд профессор, доктор, 2017 оны шилдэг бүтээлч багш Д.Сэрдарам, МХТС-ийн Электроникийн салбарын багш, 2017 оны шилдэг зөвлөх багш Б.Луубаатар, ҮТС-ийн Дизайны салбарын багш Г.Оргилболд нар ажиллав.

Мэргэжлийн 13 клуб, сайн дурын 17 клуб тайлангаа хэлэлцүүллээ. Мэргэжлийн клубүүдийн шүүгчид мэргэжлийн клубүүдийг сайн дурын үйл ажиллагааг их хийж байна цаашид яг мэргэжилдээ чиглэсэн түүнийг сурталчлах, ялангуяа мэргэжлээ магтаж сурах хэрэгтэй гэдэг асуудлыг тавьж, зарим мэргэжлийн клубийг сайн дурын клуб болгох хэрэгтэй харагдаж байна гэх шүүмжийг өгөв.

Сайн дурын клубүүдийн шүүгчид залуучуудыг хөгжиж байна, урлагийн клубүүдийг илүү их далайцтай хөгжиж байна, Соёмбо клуб үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байгааг сайшаан дэмжлээ. Соёмбо клубийн үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг БуХС-ийн ХУС-ийн дэд профессор, доктор Д.Сэрдарам гарган өгч дэмжихээр боллоо. Мөн Соёмбо клуб, Багшийн туслах оюутан клубийг МХТС, болон бусад салбар сургуулиуд дээр байгуулах хэрэгтэй гэх саналыг тавьлаа.

Тайланг үндэслэн 2017 оны шилдгийн шилдэг клуб, шилдэг клуб, шилдэг клубийн ахлагч нарыг сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад клубүүдийн үйл ажиллагааны тогтвортой хөгжиж буй байдал, оюутнуудын оролцоо, үр дүн зэргийг харгалзан дүгнэлээ.

Шилдгийн шилдэг клубээр сайн дурын “АЙСЭК-ШУТИС” клуб

Шилдэг клубээр мэргэжлийн WIZZ клуб

Шилдэг клубийн ахлагчаар ардын бүжгийн “АНАРВААН” клубийн ахлагч Б.Цагаан нар шалгарлаа.

Мөн клубийн үйл ажиллагааг зөв чиглүүлэн удирдаж сайн ажилласан төгсөх курсийн ахлагч нараас МОХ-ны дээд шагнал “МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” шагналаар “ХӨТЛӨГЧ”-ийн клубийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, “ЭРҮҮЛ ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ” клубийн ахлагч Ш.Эрхэмбаяр, “EMPOWERMENT” клубийн ахлагч О.Болор-Эрдэнэ, “Оюутан цагдаа”-д ажилласан оюутнуудын ахлагчаар ажилласан ГУУС-ийн Геодезийн IV курсийн оюутан Э.Бат-Эрдэнэ нарыг шагналаа. 

Соёмбо клубийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн “Оюутан цагдаа”-гаар ажилласан 10 оюутанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас өргөмжлөл, оюутнуудаа дэмжин сайн ажиллуулсан ШУТИС-ийн захиргаанд талархал олгов.

Клубүүдийн шагналыг 2017 оны 12 сарын 09 ны өдөр клубүүдийн шинэ жилийн цэнгүүний арга хэмжээн дээр гардууллаа.

Оюутны соёл, үйлчилгээний алба