ШУТИС-д химийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20-н жилийн ойн баяр

ШУТИС-д химийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20-н жилийн ойн баярыг тус сургуулийн урлаг танхимд 2017 оны 12-р сарын 15-ны өдөр ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын хамт олон зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь оюутан залууст химийн технологийн мэргэжлийг сурталчилах, хамт олны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, ахмад багш нарын алдар гавьяаг алдаршуулах, ажил олгогч байгууллагуудтай туршлага солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан болно.

Энэхүү баярын хуралд ШУТИС-ийн Хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Т.Намнан, ХШУС-ийн захирал доктор. дэд профессор Д.Ганхуяг, салбарын эрхлэгч доктор. профессор П.Мөнхбаатар, салбарын зөвлөх профессор, МУ-ын гавьяат багш, доктор, профессор Б.Бямбагар, доктор, профессор И.Сүхбаатар, ШУТИС-ийн хүндэт профессор Ж. Бүдсүрэн болон салбарын нийт профессор багш нар, 1997-2017 оны төгсөгчдийн төлөөлөл болон одоо суралцаж буй оюутнууд оролцлоо. Мөн химийн инженерчлэлийн салбартай олон жил хамтран ажиллаж буй ШУА, Хими, Химийн Технологийн Хүрээлэн, Уул Уурхайн Хүрээлэн, “Вагнер Ази” ХХК, “Хан-лаб” ХХК, “Green chemistry” ХХК, Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо гэх мэт улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл уригдан ирэв.

Ойн баярын арга хэмжээний хүрээнд үе үеийн төгсөгчдийн бахархал болсон эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүлж, тэдний алдрыг тэмдэглэхийн зэрэгцээ одоо суралцаж буй оюутнууд баярын концертоор бэлэг барив.

Энэ хугацаанд ШУТИС-иас Органик бус химийн технологич, Органик химийн технологич, Аналитик химич, Нефтийн бүтээгдэхүүний химийн технологич, Хатуу түлшний химийн технологич, Нэхмэлийн үйлдвэрийн химийн технологич, Шинэ материалын химийн технологич, Химийн инженерчлэл зэрэг мэргэжлээр нийт 770 бакалавр, 180 магистр, 20 доктор оюутан төгсөж уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, хяналт шинжилгээний лабораториуд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд гэх мэт олон салбарт амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байна. Манай хамт олон нь Монгол улсад химийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болон энэ чиглэлээр мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн сургалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд анхдагч нь болж байгаа билээ.  

Химийн технологич, инженерүүдийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үндэс суурийг тавьж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж буй үе, үеийн эрдэмтэн багш нартаа аз жаргал, эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.