Оросын хувьсгалын 100 жил ба Ульяновск хотод болсон олон улсын форумын аян замын тэмдэглэл

2017-12-5 наас 7-ны өдрүүдэд Ульяновскийн их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, доцент Н.В. Липатовагийн урилгаар Оросын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан “Международный форум историков, философов и публицистов 1917-1922гг.: провинция в эпоху системных кризисов” олон улсын форумд зочноор оролцож ирээд дэд профессор Д. Сэрдарамын хүсэлт, шүүмжийн дагуу аян замын товч тэмдэглэл бичнэ гэж амалсаар нэг сар өнгөрчээ. Хэрвээ Надя энэ форумын талаар гадаадын оролцогчид олон нийтийн хэвлэл мэдээлэлд товч мэдээ, тэмдэглэл тавибал зүгээр гэж надад хэлээгүй бол магадгүй энэ тэмдэглэл бичигдэхгүй байсан биз ээ.

             Улаанбаатараас Москва хүртэл онгоцоор 4671км, Москвагаас Ульяновск хүртэл галт тэргээр  883 км тул 12-р сарын 4-ний өглөө Аэрофлотоор Москвагийн зүг нисээд, өглөөний 10 цагт орчим Шерметьево-2 т газардлаа. Ульяновск хүрэх галт тэрэг оройны 19.20 минутанд  Казаний вокзалаас хөдлөх болохоор тэвдэж бачимдалгүй явлаа. Шерметьево 2-оос 500 рубль төлөөд хурдан галт тэргээр  Белорусийн вокзал руу явахад 35-40 минут зарцуулна. Хурдан галт тэрэг 30 минут тутамд онгоцны буудлаас явах нь урамтай. Хоёр ч галт тэрэгнээс хоцроод цаг нөхцөөхөөр Шерметьевогийн “Starbucks”-д орж 260 рублээр аяга кофе авав. Онгоцны буудлаас гарч амжилгүй 760 рубль буюу 33000 төг үрчихээд Москва хотын үнэтэйг дотроо “сэмхэн” хараав.  Белорусийн вокзал дээр ирэхэд дөнгөж 12.00 цаг болж байсанд гадуур хэсэг зугаалахаар шийдэн тээш хадгалах газар луу очиж үнийг лавлавал 260 рубль байсанд ачаагаа өгөхөө болиод метро руу хөдөллөө. Вокзалаас метро хүртэл нэлээд зайтай, цас орон шавхай болсон нь хөл бөгөөд гуталд яршигтай. Метрогоор нэг удаа зорчиход 45 рубль, вокзалын ариун цэврийн өрөөг ашиглахад 40 рубль гээд Казаний вокзал хүрэх богино замд дахиад л 200-аад рубль үрэгдлээ. Казаний вокзал дээр ирэхэд дөнгөж 14 цаг өнгөрч байсан тул кафед 280 рублээр банш идээд, хуучин ба хямдарсан ном худалдаж буй таджик 2 залуугаас Михайл Булгаковын “Белая гвардия”-г 60 рублээр  худалдаж аваад сул суудлын эрэлд гарлаа. Энэ номыг унших юмсан гэж нэлээд олон жил бодсон тул 60 рублээр уг номыг  вокзал дотроос олж авсандаа тун их олзуурхав. Тэр хоёр намайг нутаг нэгтэн гэж бодсон уу, өөрийнхөө хэлээр юм асуугаад л. Энэ бүхнийг дэлгэрэнгүй нуршиж буй нь дайран өнгөрч буй зочдод, тэр дундаа цалингаараа амьдардаг мань мэтийн хүнд Москва үнэхээр үнэтэй хот юм аа гэдгийг л хэлэх гэсэн хэрэг.  Сул суудлыг овсгоотойгоор олж аваад тухлан сууж, номоо уншиж байсан тулдаа л орой амархан боллоо. 19.00-д  Ульяновскийн галт тэргийг зарлахад 8-р замыг хайж 5 минут алдав. Миний суух вагон цувааны хамгийн сүүлд  тул урт цувааны дугаар луу  харан харан 10-аад минут шогших, алхахыг хослуулан явсаар купенд орж ирэхэд нэлээд ачаа бүхий настайвтар, ганган эмэгтэй аль хэдийнэ байраа эзэлсэн байв. Нөгөө нэг зорчигч нь “оросын цагаан хус” шиг гоолиг, цэнхэр нүдтэй залуухан бүсгүй байлаа. Купе маш тохитой, дээд зэрэглэлийнх бөгөөд, билетийн үнэд нэг удаагийн хоол багтана. Өдрийн идсэн банш аль хэдийнэ шингэсэн тул оройн хоол захилаа. Купений ширээн  дээр хүний нэг, нэг ус, аяга, кофе, цай, сахар, орон дээр нэг удаагийн тапочки тавьсан ба телевизороор дуртай киногоо сонгон үзэж болох аж. Миний хөрш ахимаг эмэгтэйг сайн сонсвол оросоор нэг л гоё акценттэй, тэгээд ярианд тэр болгон хэрэглээд байдаггүй уран зохиолын үг оруулан ярих аж. Өмссөн зүүсэн нь нэг л донжтой. Нэг аяга кофег донжтой уусны дараа цүнхээ уудалж, бөөн цаас гаргаад уншиж байгааг харахад миний очих хурлын программ мөн байлаа. “Та бид хоёр нэг арга хэмжээнд явж байгаа бололтой” хэмээн яриа өдсөнөөр танилцвал Сорбоны их сургуулийн Слав судлалын тэнхмийн профессор, францын“la Revue russe” сэтгүүлийн ерөнхий редактор Вероника Жобер гэдэг франц эмэгтэй байв. Нөгөө хөрш маань Ульяновскийн нисэхийн дээд сургуулийн төгсөх ангийн оюутан аж. Нэг л  “хээ шаагүй” ази эмэгтэй, үглээ авгай хэмээн бид хоёрыг харж суусан биз ээ. Профессор гэдгийг сонсоод хандлага нь өөр  болж байна аа.  Энэ ахимаг эмэгтэй Симбирскийн тайж Толстой-Воейковын удмын хүн бөгөөд 1918 оны иргэний дайны үеэр эмээ, өвөө нь хүүхдүүдээ дагуулан Читээр дамжин  Манжуур, Харбин луу гаран амьдарч байгаад цааш нүүжээ. Өөрийгөө Энэтхэг- Хятадын хойгт төрсөн гэв.   Вероника Ульяновск хотын И. А. Гончаровын музейд өөрийн элэнц эмээ Елизавета Васильевна Толстаягийн ( хожмоо Пушкиний удмын хүнтэй гэрлэснээр Мусина- Пушкина болсон) хөрөг зургийг форумын үеэр бэлэглэхээр яваа гэнэ. Элэнц эмээ Елизавета Васильевна Толстая оросын алдарт зохиолч И. А. Гончаровын тахин шүтдэг,  хайртай эмэгтэй  нь байсан тул их зохиолч түүний дүрийг зарим нэг зохиолдоо мөнхөлсөн аж. Уг хөргийг 1855 онд Оросын нэрт зураач Н. А. Майков зурсан ба нүүдлийн үеэр зураг алдагдсныг 1960-аад оны эхээр Жоберийн эмээ Арбатын гудамжин дахь эртний эд юмсын дэлгүүрээс олоод худалдан авсан байна. Жобер өөрийн өвөөгийн өдрийн тэмдэглэлийг  2016 онд ном болгон “Скитания русского офицера. Дневник Иосифа Ильина. 1914-1920” нэртэйгээр хэвлүүлснээ бэлэглэх аж. Ийнхүү би үе дамжсан язгууртан, сэхээтэн, Сорбоны их сургуулийн профессор эмэгтэйтэй танил боллоо. Хүний угсаа, гарал чухал гэдгийг болон  франц эмэгтэйчүүдийг шагшин магтдаг нь үнэн юм гэдгийг биеэрээ мэдэрлээ. Вероника нас залуу бус ч үнэхээр л франц  эмэгтэй,  үе дамжсан язгууртан, сэхээтэн ямар байдгийн бодит бөгөөд шилдэг төлөөлөл байлаа. Гэхдээ уншигч олондоо хэлэхэд тэр эмэгтэй их зан, ихэмсэглэл, хоосон маяглал гэдгийг огт мэддэггүй юм байналээ. Эрхэмсэг байна гэдэг нь  сэтгэл, оюун санааны гүнээс гардаг болохоос өнгөн дээрээ худал маяглах, бүр бүдүүлгээр хэлбэл “мурилзах”-ыг  хэлдэггүй ажээ.

Хурлын завсарлагаанаар, Лениний Мемориалд

 баруун гар талаас Италийн Бергамо их сургуулийн профессор Уго  Перси болон Словени, Белорусь, Москвагийн их сургуулийн профессоруудын хамт

 Өглөө Вероникаг маш олон хүн тосож, ачааг барааг нь  зөөн “сүрийг бадраасан ч” өөрийг нь машинд авалгүй орхисон тул биднийг тоссон машин түүнийг багтаав. Ачааг нь ачаад өөрийг нь орхисон атал, бухимдалгүй, ааш гаргалгүй машинд суусан Вероникаг хараад жинхэнэ сэхээтэн хүн юм даа гэж бодлоо. Хэт олон байгууллага, хүмүүс зохион байгуулагч хийхээр иймэрхүү алдаа гардаг бололтой.  “Орон нутаг” гэдэг хаана ч адил юм даа гэсэн бодол зурсхийв. Тус форумд 13 орны  22 төлөөлөгч, ОХУ-ын 80 хотоос 85 зочин иржээ. Бид бүгдийг  Ульяновскийн хамгийн тухтай буудал гэгдэх “Октябрь”-т байрлууллаа. Буудал хотын төвд, нам гүм газар байрлах ба биднийг заримдаа жижиг автобусаар, заримдаа явган ийш, тийш авч явна. Буусан цагаас эхлээд том том ширхэгтэй цагаан цас тасралтгүй орж байлаа.

Ульяновскийг 1648-1780 онд Синбирск, 1780-1924 онд Симбирск хэмээн нэрлэж байсан ба  Оросын европын хэсэгт оршино. 1924 оноос тус хотыг В.И.Лениний нэрээр Ульяновск хэмээн нэрлэх болжээ. Тус хот Волга мөрөн буюу монголчуудын хэлж заншиснаар Ижил мөрөн, Свияга голын эрэг дээр хот байрлажээ.

Социализмийн үед Лениний нэрэмжит хот гэдгээрээ болон цэргийн зэвсэг, техникийн үйлдвэрээрээ тус хот ба нийт мужийн иргэд тусгай хангамж эдлэн, чинээлэг амьдарч байжээ. ЗХУ задарч, капитализмд шилжиснээр цэргийн үйлдвэрүүд хаалгаа барьж, Лениний хотын тусгай хангамж үгүй болсноор хүн амын амжиргаа хүндэрсэн ч ОХУ-ын эдийн засаг сэргэснээр нөхцөл, байдал сайжирч буй гэнэ.  Зарим нэг хүний амнаас “биднийг мартсан” гэх үг гарах... Социализмийн жилүүдэд эдэлж байсан тусгай хангамжаа зарим нэг хүн санагалзаад зогсохгүй, капитализмийн талаар таагүй үг хэлэх нь чих дэлсэв. Энэ нь Оросын Улаан Үд, Эрхүүд олонтоо зочилсон миний чихэнд содон байсныг хэлмээр байна аа.

2017 оны тооллогоор Ульяновскд 624518 хүн амьдарч буй  ба хүн амын тоогоороо ОХУ-ын 1000 гаруй хотын дунд 22 байр эзэлдэг гэнэ. Хүн амын 78% нь орос, 11% нь татар, 7% нь чуваш аж.

Нүүдэлчдийн довтолгооноос Оросын хаант улсын зүүн хилийг хамгаалах  зорилгоор уг хотын анхны цайзыг барьсан ба Синбирск нэрийн талаар олон таамаг байдаг гэдгийг сайн дурын хөтөч, Ульяновскийн их сургуулийн түүхийн багшийн ярианаас мэдэж авав. Магадгүй уг нэр татар, монгол гаралтай ч байж магад бололтой.

Өдөр 14.00-15.30 цагт И.А. Гончаровын нэрэмжит музейд Вероника Жобертой уулзалт хийхэд заал дүүрэн хүн цугласан бидний 5 зочинд зориулан сандал оруулж ирлээ. Уулзалтын дараа Жобер элэнц эмээгийнхээ хөргийг өөрийн номын хамт бэлэглэснээр олон хүний магнайг тэнийлгэв.

Форумыг санаачлагчдын нэг Ульяновскийн их сургуулийн доцент Липатова Н.В Санкпетербургийн их сургуулийн проректор проф. Колоницкий Б.И нар салбар хуралдааныг удирдаж байна.  

Өглөө босоод цайнд ороод явж байтал монгол төрхтэй хүү гүйж ирээд, сайн байна уу гэж монголоор мэндлэв. Тэгээд “Та намайг таньж байна уу, би Буриадын их сургуулийн оюутан Хинкаевич байна. Танай сургуулийн шугамаар Монголд  археологийн дадлага хийж байсан. Та хээрийн полигон дээр ирж байсан шүү дээ” гэхэд  ШУТИС-ийн оюутнаа харсан шиг сэтгэлд бүлээнхэн. Энэ форум залуучуудын талбай буюу хуралдаантай бөгөөд Оросын 20 гаруй хотоос шилдэг оюутнууд сонгогдсонд Улаан-Үдээс хүү, охин хоёр багтжээ. 

5-ны өглөө 10 цагт Лениний нэрэмжит мемориалын том барилгад олон улсын форум “Личное дело революции”:”Просопография революции”революция как рубежное событие: мифология и агиография революции” сэдвээр хурал эхэлж, илтгэлийн салхийг Ульяновскийн их сургуулийн профессор И.Л.Зубова хагаллаа.  Дараа нь Белорус, Япон, Москвагийн их сургууль, Италийн профессорууд илтгэл тавив.  Италийн Бергамогийн их сургуулийн профессор Уго Перси миний хуучны танил бөгөөд 2012 онд ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгмийн технологийн сургууль хамтран  “Русский язык в постсоветском пространстве” олон улсын  хурлыг зохиоход Италиас Монголд ирж байсан  билээ. “Эрдмийн ертөнц давчуу ” гэсэн үг үнэн бололтой.  Миний бие  Монголыг төлөөлөн “Российская революция и развитие Монгольского государства 1917-1922. Трансформация оценок”сэдвээр 5 дахь илтгэлийг тавилаа. Хуралд олон орны эрдэмтдээс гадна засаг, захиргааны албаныхан, үндэсний цөөнхийн төлөөлөгчид, ЕБС-ийн багш, оюутнууд байсан тул илтгэлээ бага зэрэг өөрчилж, энгийн ярихад анхаарлаа.   Хурлын дундуур Ульяновскийн радио, болон телевизэд гадаадын зочдыг төлөөлөн ярилцлага өгсөн. Нэвтрүүлгээр гарсан эсэхийг бүү мэд.  Мөн сурганы чиглэлийн сэтгүүлийн ерөнхий редактор эмэгтэй надад монголын судлаачдын өгүүллийг хэвлэхэд бэлэн гэсэн ба саяхан надад захиа ирүүлсэн байналээ.  Та бүхэн өгүүлэл нийтлүүлэхийг хүсвэл хаягийг нь авч болно шүү. Харин англи, юм уу орос хэл дээр, 8-аас доошгүй нүүр, ишлэл, зүйлтийг стандартын дагуу хийсэн өгүүллээ өгөх хэрэгтэй гэсэн.

Үдээс хойш 14 цагаас хурлын том зааланд орон нутгийн “эвэртэн туурайтан” болон бүх зочин, төлөөлөгч, мужийнхан оролцсон хуралдаан болж, мужийн орлогч дарга эмэгтэй илтгэл тавив. Гадаадын 13 орны эрдэмтэн судлаачид болон ОХУ-ын  “нэгдүгээр зэргийн од” эрдэмтэд ирсэн гэдгийг хурлын индэр дээрээс зарлалаа.

16-цагт мөн л Мемориалд 2017 онд хэвлэгдсэн “Пантократор солнечных пылинок”  (Нарны тоосыг атгагч, захирагч гэх юм уу даа, грек үг гэнэлээ ) гэсэн Лениний тухай номын зохиогч Лев Данилкинтай уулзалт болов.  30 гаран насны, бүрэг маягийн өндөр залуу байлаа. Түүний бичсэн ном нь ОХУ төдийгүй гадаадад ихээхэн шуугиан тариад байгаа бөгөөд уг номны талаар магтан сайшаасан, буруушаан шүүмжилсэн албан ёсны 20 гаруй шүүүмж бичигджээ. 5 жилийн турш Лениний талаар архив ухаж, Лениний тухай бичигдсэн бүх номыг судалж, Лениний 13 ботийг уншиж, Ульяновск дахь Лениний гэр музейд удаа дараа айлчилсны эцэст уг номыг бичжээ. Номын нэр яагаад ийм сонин байгааг нэг уншигч асуухад Гегелийн тухай бичихдээ Ленин номынхоо нэг буланд эдгээр үгсийг ашигласан байналээ гэв. Би интернетээс уг номын тухай хайж байгаад эхний 5 хуудсыг уншсан. Үнэхээр сонин стильтэй байналээ. Ленинтэй хүүрнэн ярилцаж буй маягаар бичсэн, заримдаа тэр уурлаж, заримдаа хошигнож, заримдаа диктатор, алуурчин ч болно гэж зохиогч тайлбарласан.  Харамсалтай нь гадаадынхныг Ульяновскийн музейгээр аялуулна гэсэн тул бид уулзалтыг дуусгалгүй гарав.

Музей рүү явах замдаа Санкт Петербургийн их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, түүхийн ухааны доктор (Sc) Б.И.Колоницкийтой хэдэн үг солихдоо “манай тэнхимд танай сургуулийг төгссөн ахмад, залуу хоёр багш ажилладаг.” гэж хэлснээр түүнийг өөр лүүгээ наашлуулав. Энэ хүн “Товарищ Керенский”: Антимонархическая революция и формирование культа “вождя народа” гэсэн алдартай номын зохиогч, ОХУ-д ихэд нэрд гарсан эрдэмтэн хүн байлаа. “Хэрвээ таныг Монголд уривал ирэх үү”гэхэд ирнэ гэж хэлсэн шүү.

            12-р сарын 5 –ны болон 6 –ны өдөр бүх төлөөлөгчид буцахад зарим нэг хүнийг үдэж өгөхөд байлцав. Жобер нэрийн хуудсын хамт, бяцхан бэлэг надад гардуулсан ба Монголд слав судлалаар хурал болбол очиж болох юм гэсэн үг хэлсэн.  6-ний өдөр Ульяновскийн их сургууль дээр очиж, Монголын аялал жуулчлалын талаар лекц уншин бичлэг хийлгэв.

Миний онгоц бүтэн сайнд нисэх тул  хагас сайн буюу 7- ны орой Ульяновск хотоос  Надя, Сергей хоёроор үдүүлэн галт тэргэнд суугаад, өглөө нь Москвад буулаа. Энэ удаа буцаж яваа тул тээш хадгалах өрөөнд чемоданаа орхиод ойр зуур дэлгүүр хэсэж, үдээс хойш нь метроны буудал дээр Сергейгийн охин Дарьятай уулзаад,  оройн Арбатаар алхаж, хоолонд оров. Шөнийн Арбат үзэсгэлэнтэй байлаа. Москва хот өнгө орж, аюулгүй байдал нь сайжирч, хүмүүсийн амьдрал эрс дээшилжээ. Москвагийнхан сүүлийн 15 жилд 5 кг-аар турсан гэсэн статистик уншсан нь үнэн бололтой, би өөр шигээ “том эмэгтэй”-г цөөхөн харсан шүү.

ШУТИС. 2-р байр, 2018-1-5