“Олон улсын мэдээллийн сангуудын ашиглалтыг үр дүнтэй болгох нь” сэдэвт сургалт явагдлаа

ШУТИС-ийн төв номын сан, эрдэм шинжилгээ, инновацийн газартай хамтран профессор, багш судлаачдад зориулсан “Олон улсын мэдээллийн сангуудын ашиглалтыг үр дүнтэй болгох нь” сэдэвт сургалтыг 2018 оны 1 сарын 23, 24-ний өдрүүдэд амжилттай зохион явууллаа. Тус сургалтанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль хүрээлэн болон МИДС-ийн консорциумын гишүүн сургуулиудын багш судлаачид оролцлоо.

 Сургалтын нээлтэнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нар оролцож профессор багш, судлаачдад хандан үг хэллээ. Сургалтын зорилго нь профессор багш нарын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг дэмжих зорилгоор төв номын санд эрхийг нь авсан  EBSCO, SPRINGER NATURE зэрэг олон улсын платформууд болон Research4life - хөгжиж буй орнуудад зориулсан мэдээллийн сангуудын багцийг таниулан, сурталчлах, хандалтыг сайжруулах, хэрэглээг үр дүнтэй болгоход чиглэсэн.

Сургалтанд “ШУТИС-ийн номын сангийн хөгжлийн чиг хандлага”, “EBSCO”, “Springer Nature”, “Research4life”, “SCOPUS”, “Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгож бүтээл нийтлүүлэхэд анхаарах зүйлс”, “Олон улсын мэдээллийн сангийн хандалтын судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус сургалтанд 16 сургуулийн 275 профессор багш, судлаачид идэвхтэй оролцож мэдээллийн сангийн талаар болон номын сангаас багш нарт явуулж байгаа үйлчилгээний талаар асуулт асууж, санал бодол, сэтгэгдлээ илэрхийлсэн үр дүнтэй сургалт боллоо. Багш, судлаачид “Сургалт сонирхолтой явагдаж байна. Номын сангаас зохион явуулдаг сургалтуудаас  шинэ мэдээлэл байнга авдаг, ШУТИС-ийн номын сан сургалт судалгааны орчин болжээ, ном авдаг өгдөг гэсэн ойлголт ард хоцорчээ гэж онцолж байлаа.  Сургалтын үеэр Springer Nature, АНУ-ын MIU сургуулийн хэвлэлийн газраас гаргасан сүүлийн үеийн сэтгүүлүүдээр үзэсгэлэн гаргасан нь сургалтанд оролцогчдын талархлыг хүлээлээ.

Шинжлэх Ухаан, Технологийн төв номын сан