“Улсын захиалгат төслийн менежментийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт семинар зохион байгууллаа

Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл /ШУТҮЗ/-ийн ажлын алба, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газар хамтран “УЛСЫН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” сэдэвт семинарыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Тус семинарт БСШУСЯамын ахлах мэргэжилтэн, ШУТҮЗ-ийн нарийн бичгийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Лхагвадорж, БСШУСЯамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтнүүд, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Шинжлэх ухааны академийн харъяа болон Их дээд сургуулийн дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Улсын төсвийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж буй төслийн удирдагчдын төлөөлөл, ШУТИС-ийн дэд захирал Т.Намнан, Эрдэм шинжилгээ инновацийн газрын дарга Т.Энхцацрал болон ШУТИС-ийн эрдэмтэн профессор, судлаач багш нарын нийлсэн 150 гаруй хүн оролцлоо.

Монгол Улсад явагдаж байгаа Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үндсэн цөм хэсэг болсон судалгаа боловсруулалтын ажил эрхэлж буй төслийн удирдагчид, Эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын өргөн бүрэлдэхүүн нэгэн дор цугларч өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярилцсан анхны томоохон хэлэлцүүлэг болсноороо онцлог байлаа.

            Семинарт ШУТҮЗ-ийн ажлын алба, БСШУСЯ, ШУТСангаас Засгийн газрын 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төсөл дэвшүүлэх, төсөл сонгон шалгаруулах, төслийн гэрээ байгуулах, төслийн явцын санхүүгийн болон үйл ажиллагааны мониторинг хийх, төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үе шатуудыг хамарсан сургалт, дэлгэрэнгүй мэдээллийг дараах илтгэлүүдээр хүргэлээ.

Илтгэлийн сэдэв

Илтгэгчийн нэр, албан тушаал

1

“ШУТ-ын төслийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал”

БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн, ШУТҮЗ-ийн нарийн бичгийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Лхагвадорж

2

“ШУТ-ийн төслийн санхүүжилт, санхүүгийн менежментийг боловсронгуй болгох нь”

ШУТСангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхжаргал

3

“Яамдын захиалгат төслийн хэрэгжилт”

БСШУСЯ-ны мэргэжилтэн Г.Оюунцэцэг

4

“Суурь судалгааны төслийн хэрэгжилт”

БСШУСЯ-ны мэргэжилтэн Д.Баттогтох

5

“Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийн хэрэгжилт”    

 (www.project.edu.mn сайтын талаарх мэдээлэл)

БСШУСЯ-ны мэргэжилтэн М.Гульфира

6

“Инновацийн төслийн хэрэгжилт, гарааны компани”

БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Пүрэвдорж

7

“Гадаадтай хамтарсан төслийн хэрэгжилт”

БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ

Оролцогчид дээрх сэдвүүдээр сонирхсон асуултандаа хариулт авч, Улсын захиалгат төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, 2018 онд нэмэлт өөрчлөлт орох хууль, дүрэм, журамд оруулах санал зөвлөмжөө илэрхийлж, чөлөөтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

Энэ жил Шинжлэх ухаан технологийн хууль, Улсын төсвийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх гол харилцааг зохицуулдаг журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа, 2018 оны төслийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байгаа энэ үед энэхүү хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, харилцан санал солилцсон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг оролцогчид илэрхийлж байлаа. Мөн улс орны нийгэм, эдийн засаг, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол түлхэц болох судалгаа боловсруулалт, төслийн менежментийг боловсронгуй болгох асуудлаар гарсан санал санаачлагуудыг судалж, хэрэгжүүлэн ажиллахаар харилцан тохиролцлоо.   

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

ШУТИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР