ШУТИС-ийн 2018 оны хамтын гэрээг үзэглэв


2-р сар. 27, 2018, 10:01 a.m.

ШУТИС-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран профессор багш, ажилтан, ажилчдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “ШУТИС-ийн 2018 оны хамтын гэрээ”-г  хамтран боловсруулж, хэлэлцүүлэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үзэглэв.

2018 оны “ШУТИС-ийн хамтын гэрээ” нь хэд хэдэн онцлогтой болсон юм. Тухайлбал профессор багш, ажилтан, ажилчдын албан тушаалын сарын үндсэн цалинг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10%-иар, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тодорхой хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо. ШУТИС-ийн Захиргааны зүгээс үндсэн цалинг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлүүдийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд эхний ээлжид профессор, багш, ажилчдын цалингийн зардлыг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрэлдэхүүн нэгжүүдийн өөрийн эх үүсвэрээр болон тэдгээрийн хөрөнгө оруулалт, худалдан авалтын зардлыг зогсоох, бууруулах, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу санхүүгийн эх үүсвэртэй бүрэлдэхүүн нэгжээс санхүүгийн хүндрэлтэй бүрэлдэхүүн нэгж уруу эх үүсвэр шилжүүлэх, төвлөрсөн сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хамтын гэрээг байгуулах ажлын хэсэгт ажил олгогчийг төлөөлж ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат,  Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Барсболд, МеТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ажилтныг төлөөлж ШУТИС-ийн дэргэдэх ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, БАС-ийн ҮЭ-ийн салбар хорооны дарга Ж.Мөнхцэцэг, БуХС-ийн ҮЭ-ийн салбар хорооны дарга А.Болормаа, МеТС-ийн ҮЭ-ийн салбар хорооны дарга Ж.Давааням, ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн Хяналтын хорооны гишүүн Э.Бат-Эрдэнэ нар ажилласан юм.

Ажлын хэсгийн хоёр талын төлөөлөл энэ удаагийн хамтын гэрээ байгуулах ажил нь санхүү, эдийн засгийн судалгаанд суурилсан, профессор, багш, ажилтан, ажилчдын эрх ашгийг дээдэлсэн, харилцан ойлголцож, түргэн шуурхай хамтран ажилласан онцлогтой байлаа гэж дүгнэв. Цаашид үүсч болохуйц хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор их сургуулийн орлогын эх үүсвэр, санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг хэмнэх, хүний нөөцийн оновчтой бодлогыг боловсруулан, хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэж үзлээ.