“Science Cafe” багш, ажиллагсдын чөлөөт уулзалт боллоо

ШУТИС-ийн хөгжлийг эрчимжүүлэх зорилго бүхий шинэлэг санаа, санаачлага, үйл ажиллагаа зэргийг сурталчлан таниулах зорилготой “Science Cafe” багш, ажиллагсдын анхны чөлөөт уулзалтыг 2018 оны хоёрдугаар дугаар сарын 23-ны өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Park Castle” ресторанд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл болсон 120 гаруй хүн хүрэлцэн ирж, үйл ажиллагааны ач холбогдлыг дээшлүүлэх үнэтэй саналуудаа харамгүй хэлэлцсэн нь онцлог байлаа. Мөн тус арга хэмжээний үеэр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, ШУ-ны доктор Л.Оюунцэцэг “Орчин үеийн их сургуулийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, санал солилцов.

Түүнчлэн Е-Нээлттэй институтийн багш А.Түвшинбаяр 2018 оны зуны амралтаар ОХУ-ын Байгал нуурт хамт олноороо аялах төсөл боловсруулснаа танилцууллаа. Түүний танилцуулснаар ШУТИС-ийн багш, ажиллагсад тус бүр 250 мянган төгрөг төлөөд ирэх долдугаар сарын дундуур Байгал нуураар аялж болох юм байна. Зочдын дундаас Байгал нуурын хамгийн том арлын нэрийг таах асуултад ГХИ-ийн ахлах багш Г.Ариунаа зөв хариулж “Байгал нуурын аялал”-д үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнуулав.

Энэхүү чөлөөт уулзалтын үеэр “ШУТИС-ийн багш, ажиллагсдын дуу дуулаачдын клуб”-ийн гишүүд болох ГУУС-ийн багш Б.Улаанбаатар, М.Тогтохбаяр, ЭХС-ийн багш Б.Баяраа, ОСҮА-ны мэргэжилтэн Ц.Болдбаатар, мэргэжилтэн Э.Баярмаа, БАС-ийн ахлах багш Н.Чулуунбаатар, ШУТТНС-ийн номын санч Ц.Цэндхүү нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь зочдын анхаарлыг ихэд татсан юм. Олныг хамарсан бүжгийн хичээлийн үед багш, ажиллагсдад бүжгийн сургалтуудыг орж, цаашид суралцахыг хүссэн ШУТИС-ийн багш, ажиллагсдад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мөн энэ үеэр ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв танилцуулга хийж, мэндчилгээ дэвшүүлэв.

            “Science Cafe” багш, ажиллагсдын чөлөөт уулзалтыг зохион байгуулагч залуучууд энэ арга хэмжээнээс гадна, гарааны бизнесийн чиглэлээр БУХС-ийн жижиг, дунд үйлдвэрлэлийн багш нар болон гарааны бизнест сонирхолтой багш, ажиллагсадтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй дараа, дараагийн уулзалт хэлэлцүүлгийг энэ хүрээнд зохион байгуулах талаар танилцууллаа.

Дараагийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд МУ-ын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат “Хүн байх учир” сэдвээр ШУТИС-ийн багш, ажиллагсдын дунд чөлөөт уулзалт хийнэ. Тус арга хэмжээний хүрээнд “Байгал нуурын аяллын бүртгэл”, Гарааны компанийн чиглэлээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах санаачилгын хөгжүүлэлт, бусад клубийг сурталчлах зэрэг үйл ажиллагаануудын өгөөжийг өсгөх чиглэлээр ажиллаж байна.