БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангаад байна. Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон ЖАЙКА байгууллагын зүгээс тавигдсан шаардлага,  Япон-Англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгон шалгаруулсан болно.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны 11 сард Японы консорциумын 10-н их сургууль болох Нагаока технологийн их сургууль, Кюүшү их сургууль, Тоёохаши технологийн их сургууль, Киото технологийн их сургууль, Нагоя технологийн их сургууль, Китами технологийн их сургууль, Кумамото их сургууль, Кюүшү технологийн дээд сургууль, Вакаяма их сургууль, Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн билээ. Тус шалгалтад тэнцсэн 56 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцахаар боллоо.

Мөн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж/ Коосэн-ий шалгалтад тэнцэж  суралцах эрхээ авсан 30 оюутан Япон улсын 29 Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм.

2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30-н оюутан нийт 96-н оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас  батламжаа 2018 оны 03 сарын 14-ний өдөр гардан авахаар боллоо. Уг ёслолын ажиллагаанд БСШУСЯ, Японы элчин сайдын яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцох юм.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2014 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 273 хүн Япон улсад суралцаж буй бол 2018 онд 96 хүн ийнхүү батламжаа гардан авч  нийт 371 багш, судлаач, оюутан төсөлд хамрагдаад байгаа юм.  

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл