Японы Нийгата их сургуулийн Хими, Химийн инженерчлэлийн салбарын аналитик химийн лабораторит зэргийн бус сургалтад хамрагдав

“M-JEED 1000 ENGINEERS” төслийн хүрээнд батлагдсан “Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт хамтарсан судалгааны багийн гишүүн ШУТИС, ХШУС-ийн ХИС-ын ахлах багш Ю.Ганчимэг Японы Нийгата их сургуулийн Хими, Химийн инженерчлэлийн салбарын аналитик химийн лабораторит 2 сар хугацаатайгаар (26/02/2018-20/04/2018) зэргийн бус сургалтад хамрагдан, хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирлээ.   Эх орны түүхий эд болох хонины ноосыг химийн аргаар боловсруулан шинээр шингээгч материал гарган авах үндсэн зорилго тавин ажиллажээ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд хэд хэдэн туршилтын нөхцөлд монгол хонины ноосыг химийн аргаар боловсруулж шинэ материал гаргах, гарган авсан материалуудын химийн болон физик шинж чанарыг тогтоох,  улмаар уг материалуудын усан уусмалаас хром шингээх чадварыг харьцуулан судлах, тохиромжтой материалын сонголт хийх, сонгон авсан материалын хүнд металл хромын шингээх чадварыг уусмалын орчин, температур, шингээлтийн хугацаа, хромын анхны агуулга болон шингээгч материалын орцоос хамааруулан судлаж шингээлтийн процессыг тайлбарлах зорилт тавин ажилласан болно.

Нийгата их сургуулийн химийн лабораторит

Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ ICP-AES, ICP-MAS, XRD, FT-IR, SEM-EDX шинжилгээний багажуудыг ашиглаж, судалгааны үр дүнг баталгаажуулсан бөгөөд тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн төдийгүй ICP-AES ба ICP-MAS  багажууд дээр бие даан ажиллах чадвар эзэмшиж судалгаа шинжилгээг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлжээ.

Эх орны баялаг болох хонины ноосыг ашиглан шинэ шингээгч материал гарган авах судалгааны эхний шатны ажил амжилттай хийгдсэн бөгөөд дараагийн шатны судалгаанд судлаач Ю.Ганчимэг нь Нийгата их сургуулийн профессор Naoki Kano ба Акита их сургуулийн профессор Hirokazu Okawa-тай хамтран үргэлжлүүлэн судлах төдөвлөгөө гарган ажиллаж байна.

Судалгааны ажлыг гүйцэтгэхэд дэмжиж ажилласан “МJEED” төслийн хамт олон, ШУТИС, ХШУС-ийн захиргаанд талархал дэвшүүлье.