ШУТИС-ийн захирал Б.Очирбат ДаТС-д ажиллаж, “Эрдэм шинжилгээний лаборатори”-ийн нээлтэд оролцлоо


5-р сар. 14, 2018, 6:23 a.m.

Дархан-уул аймаг дахь Технологийн Сургууль нь БСШУСЯ-ны  Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 104 сая төгрөг өртөг бүхий “Эрдэм шинжилгээний лаборатори”-ийг байгуулж 2018 оны 5 дугаар сар 11-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал док, проф Б.Очирбат, Хэрэглээний шинжлэх ухааны захирал док, дэд проф Д.Ганхуяг нар болон сургуулийн профессор багш, оюутнууд оролцлоо.

Судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд уг эрдэм шинжилгээний лабораторийг байгуулснаар судлаач багш оюутнуудын судалгааны ажил хийх материаллаг баазыг бүрдүүлэхэд чухал  алхам болллоо. Тус лаборатори нь материал судлалын чиглэлийн судалгаа тухайлбал барилгын материал, механик инженер, хүнс, дулаан техникийн гэх мэт олон төрлийн судалгаа шинжилгээ хийх боломжтой юм. Уг лабораторийг зөвхөн ДаТС-ийн судлаач багш, оюутнууд төдийгүй цаашид бүс нутгийн хэмжээнд ашиглагдах судалгааны лаборатори болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллах болно гэж ДаТС-ийн захирал док, дэд проф Ц.Батбаатар танилцуулав.

Мөн өдөр БНГУ “Усны нөөцийн нэгдсэн менежмент Мо-Мо 3” төслийн санхүүжилтээр Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн хүрээнд “Усны химийн лаборатори” шинээр үүд хаалгаа нээлээ. Уг лабораторид орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөөр усны физик ба  химийн шинжилгээг (хүнд металлын ионоос бусад) иж бүрэн хийх боломж бүрдэв. Усны чанар аюулгүй байдал, нөөцийн асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүрээлэн байгаа орчинд шаардагдах усны хэрэгцээг хангаж чадах эсэхийг тодорхойлох ус судлалын мэргэжилтэй, чанартай боловсон хүчнийг бэлтгэх сургалт судалгааны таатай орчинг бүрдүүлж чадсан байгааг ректор Б.Очирбат онцлон тэмдэглэлээ. Мөн албан айлчлалынхаа хүрээнд сургуулийн сургалтын материаллаг бааз орчин тойронтой танилцаж, багш, ажилтан ажиллагсад, оюутнуудтай чөлөөт ярилцлага хийж санал бодлоо солилцов.

Ректор док, проф Б.Очирбат ДаТС-ийн өнөөгийн бодит үйл айжиллагаатай танилцаж, ШУТИС-ийн Захиргааны нэрийн өмнөөс ДаТСургуулийн эрдмийн хамт олонд ажлын улам их амжилт, бүтээлийг хүсэн ерөөснийг уламжлахад таатай байна.
IMG_0269 IMG_0276 IMG_02802 IMG_0301 IMG_03101 IMG_0324 IMG_0329 IMG_0330 IMG_0343 IMG_0350 IMG_0357 IMG_0364 IMG_0365