Газрын тос-2018 (Oil & Gas-2018)


5-р сар. 24, 2018, 10:08 a.m.

2018-5-23-нд ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбараас УУХҮЯ, АМГТГ, МГТИН-тэй хамтран Газрын тос-2018 (Oil & Gas-2018) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулав.

1995 оноос өнөөг хүртэл жил бүр тогтмол болдог энэ хурал энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдав. Газрын тосны геологийн судалгаа, эрэл-хайгуул, өрөмдлөг-олборлолт, тос-хий-бүтээгдэхүүний дамжуулалт, хангамж, салбарын хууль эрх зүй, экологи, эдийн засаг, маркетинг, менежментийн зэрэг өргөн хүрээний асуудал хэлэлцдэг энэхүү хуралд 19 илтгэл хэлэлцэгдэж, энэ удаагийн бүтээлийн эмхэтгэлд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Болгар зэрэг орнуудаас нийт 46 илтгэл бүрэн эхээрээ нийтлэгдэж, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн-9/236 (Газрын тос-Oil & Gas-1/24) дугаар нийт 378 нүүр буюу 47,25хх хэмжээтэйгээр хэвлэгдэн тараагдав.

Газрын тосны салбарын төр засгийн, сургалт-судалгааны, үйлдвэрлэл-бизнесийн зэрэг 30 гаруй байгууллагын 80 гаруй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, оюутан суралцагсад оролцсон, эх орны газрын тосны салбарын 77 жилийн ойд зориулсан энэ хурлын зардлыг энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Шунхлай ХХК ивээн тэтгэсэн бөгөөд эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн болон оюутан залуучуудын шилдэг илтгэлүүдийг шалгаруулан шагнаж урамшуулсан болно.

Уг хурлаас Газрын тосны хуульд газрын тосны хайгуул-өрөмдлөг-олборлолт-тээвэрлэлтэнд үндэсний байгууллага, мэргэжилтнүүд, ажиллагсадын оролцоог хуульчлах, газрын тосны салбарын байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлтийн хэрэгжүүлэлт, хяналтыг сайжруулах, Газрын тосны бүтээгдэхүүний хуульд шатахуун, түлшний үнийг зах зээлийн жам ёс, эрэлт-нийлэлтээр чөлөөлөх, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, Эрчим хүчний хуульд байгалийн болон нүүрсний метан хийн асуудлуудыг тодруулан тусгах, БХГ-ний сургалтын урамшууллыг ахисан шатны (магистр, доктор, мэргэшсэн, зөвлөх мэргэжилтний) зорилго чиглэлтэй сургалт, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгааны ажил, мэргэжил дээшлүүлэлтэнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн их дээд сургуулийн шугамаар оновчтой, үр ашигтай зарцуулж байх талаар саналууд дэвшүүлж, уриалга-зөвлөмж гаргав.

Газрын тос-2018 (Oil & Gas-2018) сэдэвт 24-р хуралд оролцогчид,

2018-5-23