ДаТС-д “Шим тэжээл судлалын лаборатори”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны КОЙКА байгууллага ДаТС-ийн хамтарсан  хөрөнгө оруулалтаар нийт  42.1 сая төгрөгийн өртөг бүхий “ Шим тэжээл судлалын лаборатори”-ийг ашиглалтанд  оруулж 2018 оны 5 дугаар сар 25-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Уг арга хэмжээнд КОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын ажилтан ноён Kим  Жунг Жай, Дархан-Уул аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал, төслийг хэрэгжүүлсэн сайн дурын ажилтан Квон Кён Сүк болон Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч байгаа КОЙКА байгууллагын сайн дурын ажилтнууд, профессор багш, оюутнууд оролцов.

Тус лаборатори нь  орчин үеийн  багаж төхөөрөмжөөр  хүнсний түүхий эд,  бүтээгдэхүүний уураг, тос, нүүрс ус, илчлэгийг тодорхойлох боломж бүрдэж байгаа нь судлаач багш оюутнууд судалгааны ажил хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй Дархан-Уул аймгийн хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулиудын  үдийн цайны тэжээллэг чанарын иж бүрэн судалгааг явуулах бүрэн боломжтой боллоо. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хоолны цэс зохиоход нь зөвлөгөө өгөх, хоолны илчлэгийг тодорхойлох зэрэг хүн амын зөв зохистой хооллолтонд ихээхэн хувь нэмэр оруулна.

Мөн өдөр БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны КОЙКА байгууллагын санхүүжилтээр Лицей сургуулийн сурагчдад зориулсан ”Lunch corner”-ийн нээлтийн ажиллагаа боллоо.

 Уг ”Lunch corner” нь сурагчдын чөлөөт цаг, завсарлагааны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх тав тухтай орчинг бүрдүүлж байгаа юм. Энд сурагчид  үдийн цайгаа өөрсдөө бэлтгэн идэх, ном унших, шатар даам тоглох, харилцан ярилцах, амралтын орон зай бий болсон нь сурагчдын хувьд  тун таатай байна.  Лицей сурагчид КОЙКА байгууллагын зочид төлөөлөгчдөд Солонгос хэлээр  талархлаа илэрхийлж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

ДаТС-ийн Захиргаа