ШУТИС-ийн эрдэмтэн багш, судлаач нар “Стратеги технологийн “IFOST 2018” олон улсын форумд амжилттай оролцоод ирлээ

“IFOST 2018” стратеги технологийн 13 дахь удаагийн олон улсын форум 2018 оны 05 сарын 30-наас 06 сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-ын Харбины Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд энэхүү олон улсын хуралд ШУТИС-ийн эрдэмтэн багш, судлаач нар амжилттай оролцлоо.

ШУТИС-ийн багш судлаачдын нийт 71 өгүүлэл илгээгдсэнээс 42 судлаачийн өгүүлэл шалгарч 16 аман илтгэл, 26 постер илтгэлээр энэ удаагийн хуралд оролцлоо.

Стратеги технологийн олон улсын (IFOST) энэхүү форум нь оролцогч орнуудын эрдэмтэн судлаачид, инженерүүд, ахисан түвшний оюутнуудын хувьд орчин үеийн шинэ дэвшилтэт технологийн чиглэлээр хийж буй судалгааны ажлын шинэ үр дүнгээ танилцуулах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлдэгээрээ онцлог юм.

“IFOST 2018” олон улсын хурлын нээлтэнд Эрчим хүчний сургуулийн профессор,  академич Д.Содномдорж  оролцож ШУТИС-ийг төлөөлөн үг хэллээ. Энэхүү хэлсэн үгэндээ: “Манай Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь олон улсын хурлыг 1997 оноос эхлэн KORUS нэртэй байх үеээс  эхлэн тогтмол оролцож ирсэн ба тэр үеэс л KORUS-ыг зохион байгуулагч гишүүний хувьд хамтран оролцогч бусад их дээд сургуулиудын хүрээг өргөжүүлэх, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, хуралд тавигдах илтгэлүүдийн чиглэлийг тодорхой болгох замаар дэмжиж ирсэний үр дүнд KORUS хурлыг 2006 оноос IFOST болгон өөрчилж зохион байгуулагч сургуулиудын хүрээг 3-аас 8 хүртэл нэмэгдүүлж, 6 үндсэн чиглэлээр секцийн хуралдааныг зохион байгуулж ирсэн” талаар дурьдсан юм.

Стратеги технологийн олон улсын (IFOST) энэхүү форумд нийт  6 улсын нийт 334 илтгэл  хэлэлцүүлснээс: 

1. “IFOST 2018” олон улсын хурлын шилдэгийн шилдэг өгүүллэлээр:

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн зөвлөх профессор, академич Д.Дашжамц багшийн  “Results of Geotechnical Investigation and Seismic Analysis for Foundation Design of High-Rise Building in Ulaanbaatar City” сэдэвт өгүүлэл

2. “IFOST 2018” олон улсын хурлын шилдэг өгүүллэлээр:

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн ахлах багш Н.Насанбаярын “Icing MAR method for semi-arid, subarctic region” сэдэвт өгүүлэл тус тус шалгарлаа.

“IFOST 2018” олон улсын хурлын захирлуудын зөвлөлийн хуралд Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, ЭХС-ийн профессор Д.Содномдорж нар оролцож хурлын цаашдын зохион байгуулалт, ач холбогдолыг илүү нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал IEEE байгууллагын цахим номын санд нийт илтгэл хэлэлцүүлсэн судлаачдын өгүүлэлийг тогтмол хэвлүүлж байх тал дээр хурлын удирдах хороо болон зохион байгуулагч сургуулиуд анхаарах хэрэгтэйг дурьдлаа. Түүнчлэн жил бүр ШУТИС-аас оролцогчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан оролцогч байгууллагын хувьд хөнгөлөлт үзүүлэх тал дээр санал солилцож 10-аас дээш судлаач оролцсон тохиолдолд нэмж судлаач 5 оюутныг өгүүлэл хэвлүүлэх төлбөрөөс чөлөөлөхөөр боллоо.

  

Ирэх жилийн 14 дэхь удаагийн “IFOST 2019” олон улсын ээжлжит форумыг ОХУ-ын Томскийн Политехникийн их сургууль 2019 оны 06 сарын эхний 7 хоногт зохион байгуулахаар урьдчилсан тов гарлаа.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР