Хоол үйлдвэрлэлийн зохистой дадал ба Эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо сэдэвт нээллттэй хэлэлцүүлэг семинар

Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь HACCP буюу Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлэх явдал юм.

ШУТИС, ҮТС-ийн харьяа Шим тэжээл судлалын төв болон Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэгийн хамтран хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид болон эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоолзүйч, технологич, тогооч нарт үйлдвэрлэлийн зохистой дадал болон Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлэлуүүлэг семинарыг зохион байгуулав.

  

Хэлэлцүүлэг Семинарт Солонгос улсын “WITH” Төрийн Бус Байгууллагын гүйцэтгэх захирал Гуаг Ми Ран “Олон улсад хэрэгжиж буй хоол үйлдвэрлэлийн зохистой дадал ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо” сэдвээр лекц уншиж, өөрийн оронд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Солонгос эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал (GHP& GMP)-ыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд хэрэгжүүлж, баталгаажуулалт олгосон бүтээгдэхүүнийг нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад (сургууль эмнэлэг гм) нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх замаар улс НАССР тогтолцоо нэвтрүүлсэн байна.

Эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, баталгаажуулснаар түүхий эдээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх шат дамжлага нь эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй бүтээгдэхүүнээр хүн амаа хангах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Семинарт оролцогчид Хоол үйлдвэрлэлийн салбарт эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх суурь ажил болох зохистой дадал болон урьдчилсан нөхцөлүүдийг ханган ажиллах чиглэлээр эрхзүйн орчныг бүрдүүлэхэд холбогдох яам болон хоол үйлдвэрлэлийн бизнесс эрхлэгч талуудын хамтын ажиллагаа чухал байгааг дурдаж, асуудлыг холбогдох яам болон байгууллагуудад хүргүүлэхээр зөвшилцөв.

Шим Тэжээл Судлалын Төв