Москвагийн Эрчим хүчний сургууль (МЭИ)-ийн профессор Я.Л.Арцишевский ШУТИС-ийн ЭХС-д зочин профессороор ажиллаа

ШУТИС-д 2018 оны 06 дугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд Москвагийн Эрчим Хүчний сургууль (МЭИ)-ийн профессор Я.Л.Арцишевскийгийн ШУТИС-ийн ЭХС-д зочин профессороор ажиллаа.

ШУТИС болон Москвагийн Эрчим Хүчний сургууль хооронд байгуулсан гэрээний дагуу ШУТИС-ийн удирдлагуудтай уулзан “Эрчим хүчний Тоон технологийн хамтарсан судалгааны төв” байгуулах ажлын талаар ярилцаж, тус ажлын хүрээнд “Цахилгаан дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК–ний удирдлагууд, “Диспетчерийн үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнуудтай уулзалт хийн лекц уншиж, санал солилцов.

Профессор Я.Л.Арцишевский ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын багш, оюутнуудтай хамтран “Орчин үеийн РХА-ийн төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудал” сэдэвт профессорын семинарыг амжилттай зохион байгууллаа. 

Профессор Ян Леонардович Арцишевский нь 1963 онд Ажилчин залуучуудын оройн сургуулийг төгссөөд ОХУ-ын Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургуулийн (ТИС)(МЭИ (ТУ)) Эрчим Хүчний Факультетэд (ЭХФ) элсэн орж 1969 онд Цахилгааны автоматжуулалт инженер мэргэжлээр  төгссөн. 1969 оноос МЭИ-ийн Реле хамгаалалт, автоматикийн тэнхимд ажиллаж эхэлсэн бөгөөд дагалдан багшаас эхлээд багш, ахлах багш, доцентийн албан тушаалд ажиллаж байна. Цахилгаан системийн реле хамгаалалтын автоматжуулалт, Диспетчерийн удирдлагын автомат систем, Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэлийн байрлал тодорхойлох зэрэг сэдвээр судалгааны ажил гүйцэтгэдэг.

Я.Л.Арцишевский нь “РусГидро” ТӨХК-ийн Эрдэмийн зөвлөлийн эрхлэгч, “ЕЭС” ТӨХК-ийн РХА-ийн секцийн гишүүн, “Энергетик” (ВАК), “Релейщик” и “Релейная защита и автоматизация” зэрэг сэтгүүлүүдийн Редакцийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг.  Я.Л.Арцишевскийн удирдлагын дор Чекарьков Д.М., Ковженкин В.С.(ОХУ), Чан Ань Ву (Вьетнам), Гэ Цюнь (БНХАУ), Б.Бат-Эрдэнэ (Монгол, ШУТИС), Ж.Арслан (Монгол, ШУТИС), Б.Энхсүх (Монгол, Монголын Төмөр Зам) нар техникийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Одоо түүний удирдлаган доор 7-н аспирант ажиллаж байгаагийн 3 нь буюу аспирант С.Адарсүрэн (ШУТИС), Б.Мөнхтулга (ЗӨБЦДС), С.Эрхэмзаяа (ТБЦДҮСүлжээ) нар Монгол Улсаа төлөөлөн судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэж байна.