ЯПОНД олгодог СЕРТИФИКАТ-ыг ШУТИС-д олгож эхэллээ

ШУТИС-ийн ҮТС-ийн “Shima Seiki Traning center” сургалтын төвд 2018 оны 9 сарын 18-28-нд Shima Seiki фирмийн сүлжмэлийн автомат машины удирдлагын APEX 3-3 дизайн системийн АХИСАН ТҮВШИН шатны сургалт амжилттай явагдлаа. Сургалтыг Японы Shima Seiki фирмийн Total Design Center-ийн зөвлөх Hirofumi Honda явуулсан. Shima Seiki фирмийн зүгээс тусгай дугаар бүхий сертификат олгодог энэхүү сургалтыг ШУТИС-ийн лабораторийн орчин, түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадалд үндэслэн анх удаа гадаадад явуулж байгаагаараа онцлог юм. Сургалтыг Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих төслийн санхүүжилтээр явуулсан.

      Сургалтын зорилго. Энэхүү сургалт нь APEX дизайн системийн сүүлийн үеийн өргөтгөл болох DSCS (Digital stitch control system), Package software программыг Ноолууран бүтээгдэхүүн экспортлогч үйлдвэрүүдийн мэргэжилтнүүд, “Shima Seiki Traning center” сургалтын төвийн багш нарт эзэмшүүлэх зорилготой явагдсан.

      Сургалтын үр дүн. 1. DSCS системийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр сүлжмэл бүтээгдэхүүний хэлбэр хэмжээний тооцоолол жигд болох улмаар чанарын үзүүлэлтүүд дээшлэнэ. 2. Package software арга зүйг эзэмшснээр программистуудын программ бичих хугацаа хэмнэгдэнэ, үүний дүнд үйлдвэрүүдэд шинэ загварын бүтээгдэхүүн бий болох хугацаа багасна. Суралцагсадаас авсан шалгалтынхаа дүнд үндэслэн эдгээр хүмүүс олж авсан мэдлэгээ цаашид өөрсдийн үйлдвэрт өргөн дэлгэрүүлэх чадвартай болсон гэж Honda багш онцолов. Мөн тэрээр ШУТИС-ийн ҮТС-ийн “Shima Seiki Traning center” сургалтын төвийн тоног төхөөрөмжийн хангамж, орчин нөхцөл нь APEX дизайн системийн бүх төрлийн сургалтуудыг цаашид явуулах боломжтой гэж дүгнэсэн.

3.Сургалтанд зориулж Сүлжмэлийн гогцоо тохируулах тоон системийн хэрэглээ нэртэй гарын авлагыг Хавсралт заавар-ын хамт монгол хэл дээр орчуулан хэвлүүлсэн. Энэ сургалтаар олгосон агуулгыг манай улсын тоотой хэдхэн үйлдвэрийн мэргэжилтнүүд Японд очиж сурсан байдаг. Суралцагсадад Shima Seiki фирмийн Total Design Center-ээс олгодог албан ёсны дугаар бүхий CERTIFICATE –ийг олгосон болно.

Бүтээгдэхүүний чанар, дизайныг дээшлүүлэхэд улмаар экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх зорилтот, дэлхийн түвшний сургалтыг санхүүжүүлсэн Экспортыг Дэмжих төсөл, зохион байгуулсан ШУТИС-д экспотлогчид талархаж байсан-ыг цохон тэмдэглэж байна.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд  Дэлхийн Банкны санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн, Экспортыг Дэмжих төслийн багийн удирдагч Ulle Lohmus, ахлах мэргэжилтэн А. Энхтүвшин, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж. Туяацэцэг, ХҮТИСалбарын эрхлэгч Д. Батбаяр болон багш нар, ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн В. Болормаа нар оролцов. Мөн зарим үйлдвэрийн удирдлага, төлөөлөл суралцагсадынхаа сургалтын үр дүнтэй танилцаж Экспортыг Дэмжих төслийн болон сургалтын төвийн үйл ажиллагаанд санал хүсэлтээ илэрхийлэв.

Сургалтын үйл ажиллагаа, үр дүнтэй хадагтай Ulle Lohmus, ахлах мэргэжилтэн А. Энхтүвшин нар танилцаж суралцагсадаас санал хүсэлт авч, үнэлгээ хийсэн. Сургалт явуулах урилгыг хүлээн авсан Honda зөвлөхөд болон сургалтыг амжилттай зохион байгуулсан манай хамт олонд талархал илэрхийлж цаашид багш нарыг Японд сургах чиглэлд хамтран ажиллахаар болов.

 

Shima Seiki фирмийн Total Design Center-т 30 гаруй жил ажилласан туршлагатай, APEX дизайн системийг хөгжүүлэхэд гар бие оролцож буй зөвлөх инженер Hirofumi Honda-д ҮТС-ийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлж ӨРГӨМЖЛӨЛ гардуулав.

Жич: Сүүлийн үеийн технологийн дэвшлийг багтаасан APEX дизайн систем нь 8 бүлэг программтай бөгөөд түүний хүчин чадлыг монголчууд бүрэн эзэмшихийн тулд дараа дараагийн түвшиний сургалтууд шаардлагатай байгааг үйлдвэрлэгчид дэвшүүлж байлаа. Монгол улсын эдийн засгийн чухал салбар болох НООЛУУРАН СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮН  үйлдвэрлэчдийн хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажилласан Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих төслийн удирдлага, хамт олонд талархал дэвшүүлэхийн зэрэгцээ амжилттай суралцагсадынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, сайн бүхнийг хүсэн ерөөе!

 Мөн  APEX дизайн системийн сургалтын цуврал гарын авлагуудыг орчуулах, энэ системийн мэдлэгийг монголын залуучуудад заах үүргээ амжилттай гүйцэтгэж буй, манай төгсөгч, инженер Г. Булганхүүд шавь нарынх нь өмнөөс талархал илэрхийлж улам их амжилт хүсье!

ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа

Хөнгөн Үйлдвэрлэлийн технологи, инженечлэлийн салбар