Япон Улсаас ноос, ноолуурын үйлдвэрийн программистуудад олгодог сертификатыг ШУТИС олгож эхэллээ

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима Сеики” сургалтын төвд "Шима Сеики" фирмийн сүлжмэлийн автомат машины удирдлагын AПЕКС 3-3 дизайн системийн ахисан түвшний сургалт амжилттай боллоо. Тус сургалтыг Дэлхийн банкны “Экспортыг дэмжих” төслийн санхүүжилтээр ШУТИС зохион байгуулсан юм. Японы "Шима Сеики" фирмийн зүгээс тусгай дугаар бүхий сертификат олгодог сургалтыг ШУТИС-ийн сургалтын төвд суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадалд үндэслэн анх удаа гадаадад явуулж байгаагаараа онцлог. Сургалтыг "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-ийн зөвлөх Хироюуми Хонда удирдан явуулсан болно.

Тус сургалтаар АПЕКС дизайн системийн сүүлийн үеийн өргөтгөл болох "DSCS" (Digital stitch control system), "Package software" программыг ноолууран бүтээгдэхүүн экспортлогч үйлдвэрүүдийн мэргэжилтнүүд болон “Шима Сеики” сургалтын төвийн багш нарт эзэмшүүлэх зорилготой юм. Сургалтын үр дүнд DSCS системийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр сүлжмэл бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээний тооцоолол жигд болж, улмаар чанарын үзүүлэлтүүд дээшлэх төдийгүй "Package software" арга зүйг эзэмшсэнээр программистуудын программ бичих бүтээмж дээшилж, үйлдвэрүүдэд шинэ загварын бүтээгдэхүүн богино хугацаанд үйлдвэрлэх боломжтой болж байна.

Суралцагчид олж авсан мэдлэгээ цаашид өөрсдийн үйлдвэрт нэвтрүүлэх чадвартай болсон гэж Хироюуми Хонда багш онцлов. Энэ сургалтаар олгосон мэдлэгийг үйлдвэрийн мэргэжилтнүүд Японд очиж суралцдаг байсан бол ШУТИС-ийн тус сургалтын төвд суралцагчдад "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-ээс олгодог албан ёсны дугаар бүхий сертификатыг олгож байна.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Дэлхийн Банкны санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн, Экспортыг дэмжих төслийн багийн удирдагч Ульль Ломмус, төслийн ахлах мэргэжилтэн А.Энхтүвшин, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хөнгөн үйлдвэрийн технологи инженерчлэлийн  салбарын эрхлэгч Д.Батбаяр болон багш нар, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн В.Болормаа нар оролцсон. Мөн зарим үйлдвэрийн удирдлага, төлөөлөл суралцагсдынхаа сургалтын үр дүнтэй танилцаж, Экспортыг Дэмжих төслийн болон сургалтын төвийн үйл ажиллагаанд санал хүсэлтээ илэрхийллээ.

 

Сургалтын үйл ажиллагаа, үр дүнтэй Экспортыг Дэмжих төслийн төлөөлөл танилцаж, суралцагсдаас санал хүсэлт авч, үнэлгээ хийсэн бөгөөд сургалт явуулах урилгыг хүлээн авч, хамтарч ажилласан зөвлөх Хироюуми Хондад талархал илэрхийлж, цаашид багш нарыг Японд сургах чиглэлд хамтран ажиллахаар болов. "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-т 30 гаруй жил ажилласан туршлагатай, АПЕКС дизайн системийг хөгжүүлэхэд гар бие оролцож буй түүнд ШУТИС-ийн ҮТС-ийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлж, өргөмжлөл гардуулсан юм.

ҮТСургууль