БАС-ийнХүрээлэн буй инженерийн салбарын багш нар Нидерландын Дельфтийн ТИС-д сургалтад хамрагдав

Европын Холбооны санхүүжилтээр Каритас Чех Репаблик олон улсын байгууллагаас БАС-тай хамтран хэрэгжүүлж буй  “Монгол  Улсын  барилгын  салбарын нөөцийн  үр ашигтай байдал,  цэвэр үйлдвэрлэлийг  дэмжих” төслийн хүрээнд "Хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүсэх хог хаягдлыг дахин ашиглах" талаар Дельфтийн  ТИС-ийн барилгын инженер ба геотехникийн салбарын "Материал ба хүрээлэн буй орчны нөөц, дахин боловсруулалт" -ын багт 21 хоногийн сургалтад дэд профессор, доктор Д.Сүнжидмаа, ахлах багш, доктор П.Сэргэлэн нар хамрагдлаа.

Нидерланд улс нь хогийн цэггүй орон бөгөөд үйлдвэрийн болох ахуйн бүх хогийг дахин боловсруулж материал, цахилгаан энерги, дулаан болгодог байна. Тэдгээрээс хуучин барилгын буулгалтаас үүсч буй хог хаягдлыг боловсруулж материал болгон 100% эргүүлэн ашиглаж байна.

 

Дельфтийн  ТИС-ийн судалгааны лабораторид багш нарын хамт.

Барилгын буулгалтаас үүсч буй хог хаягдлын 80-90%-ийг бетоны хаягдал эзлэх бөгөөд Дельфтийн  ТИС-ийн профессор Петер Римийн удирдлагын дор 10 гаруй жилийн судалгааны үр дүнд бетоны хаягдлыг дахин боловсруулах ADR (Advanced dry recovery) ба HAS (Heating Air classification System) технологийг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Сургалтын хугацаанд энэ технологитой лабораторийн нөхцөлд болон үйлдвэрлэл дээр танилцаж дадлагажсан ба лабораторийн ADR төхөөрөмжөөр хаягдал бетоныг боловсруулж, гарч ирсэн том дүүргэгч болон элсийг шинжлэн бетон хийж туршив. Эдгээр эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харахад дахин боловсруулсан дүүргэгчээр хийсэн бетоны үзүүлэлт байгалийн дүүргэгчээр хийсэн бетоны үзүүлэлтээс өндөр гарсан байлаа.  

Сургалтын хугацаанд барилгын ухаалаг буулгалт ба буулгалтын менежментийн тухай шинэ мэдлэг, мэдээлэл авч ухаалаг буулгалт хийж буй газар очиж бодит байдалтай танилцан мөн хог хаягдлыг оновчтой цуглуулах, ангилан ялгах, тэдгээрийг дахин ашиглах боломжийн талаар 40 гаруй жилийн туршлагатай Нидерландын мэргэжилтнүүдээс суралцаж Роттердам болон Утрехт хот дахь хатуу хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах үйлдвэрүүд, хогийг шатаан эрчим хүч, дулаан үйлдвэрлэж буй станц, "Project Merwedekanaal zone", Almere-ийн дахин боловсруулах төв, төмөр замын дэр бетоны чулуу, хаягдал мод ялган, дахин боловсруулах үйлдвэр зэрэг 12 газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Сургалт, судалгааны багийн гишүүдийн хамт хогийн шатаалтаар ажилладаг цахилгаан станц дээр.

Хог хаягдлыг дахин боловсруулах онлайн сургалттай танилцаж энэ төслийн хүрээнд уг сургалтыг Монголын ЖДҮйлдвэрийн хүмүүс болон нийт сонирхогчдод явуулах боллоо.  

Сургалт их үр дүнтэй явагдсан бөгөөд олон улсын хамтарсан энэ төслийн үр дүнд БАСургуулийн хичээлийн төлөвлөвлөгөөнд "Барилгын хог хаягдлын дахин боловсруулалт" сонгон хичээлийн төлөвлөгөө, сурах бичиг боловсрогдохоос гадна Монгол орны хуучин барилгаас үүсэх хаягдлыг дахин боловсруулах судалгааны ажил явагдаж байна. Мөн төслийн хүрээнд Каритас Чех Репаблик олон улсын байгууллагатай хамтран барилгын салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан "Барилгаас үүсэх хог хаягдал ба түүнийг дахин ашиглах нь" сургалтыг явуулна.

Сургалтад хамрагдсан гэрчилгээгээ гардан авлаа.