ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

2018 оны Шинжлэх ухааны ажилтны баяр энэ өдрүүдийг тохиолдуулан ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид Эрдэм шинжилгээний бага хурлыг 11-р сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд Ноос, ноолуур судлалын салбар, Арьс шир судлалын салбар, Металл машин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, шинжээч нар тус хүрээлэнд хэрэгжүүлж буй шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн эрдэм шинжилгээний ажлын туршилт, шинжилгээ, малчид үйлдвэрлэгчидтэй хамтрсан судалгаа-туршилтын ажил, докторын оюутны судалгааны ажлууд, ноос ноолуур, арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийн бүтэц, хийцийн зохион бүтээлтийн ажлын үр дүнг хэлэлцүүлсэн 8 илтгэлээр оролцов.

Эдгээр хэлэлцүүлсэн судалгааны ажлууд ноос ноолуур, арьс шир боловсруулах хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой болсон тухай шүүгчээр ажилласан доктор С.Дашбал, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Р.Бадмаанямбуу, ҮТС-ийн багш доктор Ц.Батсайхан нар эрдэм шинжилгээний бага хурлын дүнг танилцуулахдаа илэрхийлсэн.

1-р байр: С.Цэрэндуламын "Дагуур гангаар ноолуур боловсруулах технологийн туршилт судалгааны дүнгээс"

2-р байр: Ц.Ганболд, Х.Соёл-Ундрах нарын "Ноолууран ширхэгтэд эмульс цацах технологийн судалгааны үр дүн" сэдэвт бүтээлүүд шалгарлаа.

Тус хурлын хөтөлбөрийн хүндэтгэлийн арга хэмжээний Зочин илтгэгчээр ОХУ-ын Московский Государственный университет дизайны и технологии сургуульд докторын зэрэг хамгаалсан ҮТС-ийн багш Доктор (Ph.D) Ц.Батсайхан “Ширмэл урлагийн судалгааны үр дүнгээс”, J24C16- Хүний тогтвортой хөгжлийг хангах био-инженерийн судалгаа төслийн хүрээнд Японы Киотогийн Технологийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан Доктор (Ph.D) Д.Нарантогтох “Ноолуурын гадаргуугийн шинж чанар материралын дизайнд нөлөөлөх нь” сэдвээр тус тус судалгааныхаа ажлын цар хүрээ, ач холбогдол, үр дүнгийн талаар сонирхолтой илтгэлийг тавьж, залуу эрдэм шинжилгээний ажилтнуудад судалгааны ажил хэрхэн амжилттай хийж гүйцэтгэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн чухал үр дүнтэй хурал боллоо. 

 
Эрдэм шинжилгээний бага хурал

 

Зочин илтгэгч Доктор (Ph.D) Ц.Батсайхан, Доктор (Ph.D) Д.Нарантогтох нар

ХҮСХХ-иийн Эрдэм шинжилгээний ажилтнууд