Цахилгаан хангамжийн CDIO лаборатори нээлтээ хийлээ


12-р сар. 4, 2018, 3:18 a.m.

ШУТИС-ийн захирлын шийдвэрээр ЭХС-ийн “Цахилгаан хангамж” хөтөлбөрт CDIO сургалтын дэвшилтэт аргачлалыг нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж эхлээд байна.

Дэлхийн тэргүүлэгч зэрэглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагуудад 90 -ээд оны сүүлчээс эхлэн хэрэглэгдэж байгаа CDIO буюу Сэтгэ-Зохио-Хий-Ажиллуул гэсэн зарчмыг баримталдаг үр дүнд суурилсан сургалтын шинэ лабораторийн өрөөг ЭХС-ийн Цахилгаан хангамжийн мэргэжлийн багш нарын санаачлагаар MCS International компанийн санхүүжилтээр тохижуулж, 2018 оны 11 сарын 30-ны өдөр нээлтээ хийлээ. 

CDIO сургалтын аргачлал нь оюутнуудыг онол-амьдрал практик хослуулсан, арга-билэгтэй, чадварлаг мэргэжилтэн болж төлөвшихөд маш чухал нөлөөтэй байдгийг анх АНУ-ын Массачусетсийн Технологийн Их Сургуулийн багш нар болон ажил олгогчдын хамтын ажиллагааны үр дүнд олж тогтоосон байна.

Өнөөдөр манай ихэнх сургалт багш төвтэй аргачлалаар явагддаг бол CDIO сургалт нь оюутан төвтэй аргачлалаар явагдах тул уламжлалт сургалтын өрөө, тасалгаа, лабораториос нилээд өвөрмөц орчин шаарддаг бөгөөд MCS International компанийн хамт олон CDIO стандартад нийцүүлэн тохижуулж өгсөнд оюутан залуус, багш нар маш их талархаж байна.

 

Цахилгаан хангамжийн CDIO лабораторийг цаашид оюутнуудын сургалт, дадлагажилтад хэрэглэгдэх эд анги, материал түүхий эд, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгаа бөгөөд уг лабораторийн үйл ажиллагааг олон улсын тэргүүлэх зэрэглэлийн дээд боловсролын байгууллагуудын лабораторийн түвшинд хүргэж ажиллуулахаар “Цахилгаан хангамж” хөтөлбөрийн хамт олон шамдан хөдөлмөрлөж байна.