ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал Академич боллоо

Шинжлэх ухааны Академийн Их чуулган  болж  өнгөрлөө.  Академийн гишүүд 97 хувийн ирцтэйгээр чуулгандаа оролцсон бөгөөд 14 нэр дэвшигчээс 50 хувь нь буюу 7 хүн 75 ба түүнээс дээш хувийн саналаар гарч академич хэргэм хүртсэн юм. ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал Академич боллоо. Академич Х.Энхжаргал таны цаашдын ажилд өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       Халтарын Энхжаргал Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D).

Х.Энхжаргал нь МУИС-ийг Дулааны инженер мэргэжлээр 1980 онд төгссөн. 1991 онд техникийн ухааны доктор, 2012 онд техникийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан, манай эрчим хүчний салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.

Сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг ашиглах  туршилт, судалгааны ажлын хүрээнд нарны  коллекторын  шинэ хийцийг  зохион бүтээж, туршилт, судалгаа шинжилгээг явуулан, Монгол орны нөхцөлд анхны нарны халаалттай туршилтын байшин барьж иж бүрэн судалгаа хийсэн. 

1992 оноос хойш 28 жилийн хугацаанд Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг амжилттай  удирдан Дулааны инженер, Сэргээгдэх эрчим хүч,  Үйлдвэрийн экологийн инженер мэргэжилтэн бэлтгэж, туршилт, судалгаа шинжилгээний баазыг бүрдүүлж тус салбарт ажиллах эрдэмтдийн баг, дэг сургуулийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулсан болно.

Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд хүрэн нүүрсний ордод түшиглэсэн байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр цахилгаан станцыг байгуулах шинжлэх ухааны үндэслэлийг бий болгохын тулд нүүрсний бүрэн ашиглалтын мөчлөгийн цогц судалгаа хийж түүнийг ашиглан үр ашигтай өргөн хэрэглээний арилжааны бүтээгдэхүүн гаргах, хог хаягдлыг боловсруулах технологи бүхий иж бүрэн  үйл ажиллагаа явуулах, өндөр хүчин чадалтай, ДЦС байгуулах  үндэслэлийг анх удаа боловсруулжээ.

Нүүрсний шаталтын олон үет процессын тооцоо, загварчлалыг хийж, байгаль орчинд хортой бодис агуулсан хийн гаралтыг багасгах боломж, экологи-эдийн засгийн иж бүрэн судалгааг явуулж физик-математик загварыг боловсруулсан байна.

Хуйлруулан шатаах галын хотлын 3D загварыг боловсруулан, түлшний NOхялгаралтыг бууруулах аргачлалыг гаргаж туршилтаар баталжээ.

Эрчим хүчний салбарт хэрэглэгдэх хаягдалгүй нүүрсний технологитой мультикомплексийн үзэл баримтлал нь геополитикийн хувьд ашигтай байрлалд байдаг манай улсын нөхцөлд Монгол Улсын эрчим хүчний хангамж гадаад улсаас хамааралгүй байх Зүүн Хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн системд холбогдох гарцыг анх удаа боловсруулан өөрийн хувь нэмрийг оруулсан байна.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулааны станцыг шинэчлэн, өргөтгөх судалгааны иж бүрэн ажил хийсэн. Уг төслийн  үр дүнд хүчин чадлыг 48 МВт болгон өргөжүүлсэн нь, том хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжсэн томоохон ажил болсон байна.

Х.Энхжаргал их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 38 жил ажиллаж, нийт бүтээлийн тоо 396, үүнээс: нэг сэдэвт бүтээл 7, Сурах бичиг, гарын авлага 11-ийг туурвиж, шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар 18-ыг  бий болгосон байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд ОУ-ын Springer Nature хэвлэлийн газар 3 өгүүлэл, 1 номын дэд бүлэг бичсэн. Олон улсын судалгааны индекстэй, мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж хэвлэгддэг сэтгүүлүүдэд 26 хамтарсан өгүүлэл хэвлүүлснээс гадаадын судлаачид 72 удаа эшлэл авсныг  Google scholar, Scopus-ийн статистикаас гаргасан. Мөн ОХУ-ын ВАК-ын журналд 44 хамтарсан өгүүлэл хэвлүүлсэн үүнээс 250 гаруй удаа эшлэл авсан ба зарим бүтээлүүд нь гадаадын 10-аад оронд хэвлэгдсэн байна. 

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл