Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Төр-Их сургуулийн тогтвортой түншлэл, харилцан уялдаатай хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс инженер, технологийн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний хэмжээний хамгийн том их сургууль болох Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

            Тус гэрээний зорилго нь Монгол улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, олон улсын хэмжээний болон үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, ҮХГ-ын судалж буй төслүүд дээр мэргэжлийн дүгнэлт, санал, зөвлөмж гаргах, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх замаар төр-эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд:

  • Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн судалгаа, төсөл хөтөлбөр, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;
  • Олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах;
  • Судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргахад ҮХГ-т дэмжлэг үзүүлэх;
  • ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нарын хийсэн судалгаа, туршилтын үр дүн, гаргасан ном, товхимол материалыг ҮХГ-ын албан хэрэгцээнд ашиглуулах;
  • ҮХГ-ын хэрэгжүүлж буй төслүүд дээр ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын мэргэжлийн, хөндлөнгийн албан ёсны дүгнэлт, санал, зөвлөмж, шүүмж гаргуулах;
  • Мэргэжлийн салбарын оюутнуудыг харилцан тохиролцсон хөтөлбөр, удирдамжийн дагуу дадлага хийлгэх;
  • ҮХГ-ын ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах, магистрантур, докторантурын хөтөлбөрт хамруулах гэх мэт.
  • Гэрээнд талуудын хамтран ажиллах төлөвлөгөөг жил бүр баталж, үр дүнг харилцан дүгнэн хэрэгжүүлж ажиллахаар тусгажээ. 

Дээрх чиглэлээр хамтран ажилснаар төр-эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэмтэн судлаачийн судалгааны ажлын үр дүнг бодиттойгоор ашиглан, хэрэгжүүлэх боломж нээгдэх юм.

Эрдэм шинжилгээ инновацийн газар, Маркетенг олон нийттэй харилцах алба